Өмнөговийн баг Үндэсний их баяр наадмын шагайн харвааны аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817
жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын
хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 19 аймаг, нийслэлийн 9 дүүргийн, нийт
114 багийн 900 гаруй харваач оролцон, өсвөрийн, ахмадын, насан хүрэгчдийн гэсэн
3 ангиллаар өрсөлдөв.
- Ахмадын ангилалд 21 баг өрсөлдсөнөөс Дундговь
аймгийн Адаацаг сумын, Монгол Улсын мэргэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Дэлгэрэх бүрд”
баг алтан медаль хүртэв.
- Насанд хүрэгчдийн ангилалд
Өмнөговь аймгийн, Монгол Улсын хошой мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтанговь
транс” баг тэргүүлж, Үндэсний их баяр наадмын шагайн харвааны аварга боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар шагайн асарт зочилж, харваачидтай мэндчилсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр сум тавилаа.
Энэ мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний Их баяр наадмын шагайн харвааны шилдгүүдэд шагнал гардуулж байна.
Шагайн харвааны явцын талаар ерөнхий шүүгч, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Наранмандахаас 15.30 цагийн байдлаар тодруулахад ахмадын болон өсвөрийн шигшээ 4 баг медалийн төлөө харваж байв.
Улсын баяр наадмын шагайн харвааны хамгийн өндөр настай харваачаар 86 настай, Дундговь аймгийн Луус сумын харьяат, Монгол Улсын харшгүй мэргэн З.Цэрэндорж оролцож шөвгийн 4-т үлдэж медалийн төлөө өрсөлдсөн юм.
Насанд хүрэгчдийн багаас хүрэл
медалийн болзлыг Архангай аймгийн, “Алдар” спорт хороо, АПУ компанийн, Монгол
Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Нямааранзын баг хангаад байлаа. Тусгай
байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Монгол Улсын Үлэмж дархан
мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай баг эзлээд байв.
Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын аварга болсон Дундговь аймгийн
Адаацаг сумын баг сум сумын төлөөлөөс бүрдсэн, голдуу малчид оролцсоныг аймгийн
гоц мэргэн Г.Тогтохбуян хэлсэн юм.