ХӨВСГӨЛ: Алслагдсан багуудыг үүрэн холбооны сүлжээнд холбоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ онд улсын төсвийн 2,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Төмөрбулаг, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Галт, Түнэл, Жаргалант, Баянзүрх суманд үүрэн холбооны дахин дамжуулах станц барьж, сүлжээ нэвтэрнэ.
Тус аймагт өнгөрсөн онд Харилцаа холбооны салбарт 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны 3G, 4G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулсан байна.
Алаг-Эрдэнэ сумын Цагаан бургас, Ужиг баг, Хатгал тосгоны Доргот нуурын орой, Баянзүрх сумын Хайс баг, Улаан-Уул сумын Шивлэг баг, Чандмань-Өндөр сумын Ёлгос баг, Цэцэрлэг сумын Зуунмод багийн Их амны даваа, Цагаан-Уул сумын Агар баг, Цэцэрлэг сумын Зуунмод багийн Шивээтийн зоо, Жаргалант сумын Цагаан бургас, Хөнжил баг, Овоот толгойд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийсэн байна.
Мөн Түнэл сумын Зуны гол баг,
Шинэ-Идэр сумын Сангийн далай, Баянзүрх багууд үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн
бөгөөд Тариалан сумын Ар тархи багийн Цоройдгийн орой, Их-Уул сумын Мандал
багийн Баян-Өндөр ууланд удахгүй үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлэхээр ажиллаж
байгаа ажээ.