АНУ-ын Элчин Сайдын яамны төлөөлөгч Сэлэнгэ аймагт зочиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-09-30 16:04:11

АНУ-ын Элчин Сайдын яамны консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбэргы, АНУ-ын Төрийн департамент аюулгүйн албаны тусгай ажилтан Жереми Т.Вайнштайн нар Сэлэнгэ аймагт зочиллоо.

Зочдыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар хүлээн авч уулзан харилцан ярилцлаа. Сэлэнгэ аймгийн хувьд АНУ-тай хамтарч ажиллаж байгаагүй бөгөөд энэ уулзалт ярилцлага бол анхных юм. Уулзалт ярилцлагын үеэр АНУ-ын Элчин Сайдын яамны консулын хэлтсийн дарга Жэйсон П.Спэлбэрг хэлэхдээ Сэлэнгэ аймгийн зүгээс хамтран ажиллах хүсэлтээ албан ёсоор ирүүлсэн нөхцөлд бид төрийн болоод төрийн бус байгууллагуудтайгаа тухайлбал эрүүл мэнд, боловсрол, хууль, хяналтын байгууллага, хил, гааль болон бизнес эрхлэгчидтэйгээ холбож өгч болно гэлээ. Мөн тэрээр АНУ-ын иргэдийн зүгээс хил гаалиар нэвтрэхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байгааг асууж, сонирхож байв. Түүнчлэн АНУ-ын Төрийн департамент аюулгүйн албаны тусгай ажилтан Жереми Т.Вайнштайн удахгүй аж ахуй дийнхээ хамтаар ирж уулзахаараа тодорхой асуудлуудаар дахин ярилцана гэдгээ хэллээ.

Мөн энэ өдөр Сүхбаатар сумын ЕББД сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж, АНУ явах сонирхолтой хүүхдүүд америкийн виз гаргуулахад юун дээр анхаарах, ямар шаардлагыг хангасан байх зэргээр мэдээлэл өглөө.

Тэд мөн Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа хууль, хяналтын байгууллагуудын удирдлагуудтай уулзаж харилцан мэдээлэл солилцсон юм. Энэ чиглэлийн байгууллагууд өөрсдөө хүсэлтээ гаргах юм бол АНУ-ын элчин сайдын яамны зүгээс сургалт хөтөлбөрт хамруулж, хамтран ажиллах арга хэмжээг хэрэгжүүлж болно гэдгээ мэдэгдлээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news