Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг III улиралд ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Морингийн даваанд барьж буй хог хаягдлын ландфилл, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг энэ оны III улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Ландфиллийг ашиглалтад оруулснаар 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах боломжтой болж, байгаль орчинд хал багатай аргаар устгана. Мөн жилд 175 мянган тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах хүчин чадалтай. Улаанбаатар хот жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гаргадгийн 20-30 хувь нь барилгынх байдаг.
Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах,
менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны
хөнгөлөлттэй зээл, Европын
холбооны буцалтгүй тусламжаар баригдаж
буй энэ үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфилл, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын
гарааш, оффисын барилгаас
бүрдэж байна.
УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн
дарга Б.Мөнх-Эрдэнэ тус үйлдвэрийг
барьж буй явцтай танилцах үеэрээ “Хатуу хог хаягдлыг боловсруулан
хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулах нь асар ач холбогдолтой. Үйлдвэр ашиглалтад орсноор хогийн цэгийн тоо болон нүүрстөрөгчийн давхар
ислийн ялгарлыг багасгах, ус, эрчим хүч хэмнэх, тогтвортой ажлын байр бий
болгох зэрэг давуу талтай. Мөн бусад хог хаягдлыг ч ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч
гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулна” хэмээв.
Тэрчлэн ландфилл байгууламж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгсэл нийлүүлээд байгаа аж.