"Архигүй ирээдүйн төлөө хамтдаа" 3 сарын аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-07 18:15:24
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Цагдаагийн газар болон Эрүүл мэндийн газар, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас хамтран өнгөрсөн сарын 15-наас эхлэн “Архигүй ирээдүйн төлөө хамтдаа” гурван сарын аяныг зохион байгуулж эхлээд байна. 

Тус аянд Төв аймгийн Зуунмод сумын бүх албан байгууллага аж ахуй нэгжүүд оролцох боломжтойг зохион байгуулагчид онцолсон юм.

Уг аяны гол зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэнд гэр бүл, өсвөр үеийнхний архины хор уршгийн талаар мэдлэг, хандлагыг өөрчлөх, архидалтгүй аж төрөх, зан үйлийг хэвшүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм байна.

Зуунмод сумын албан байгууллагууд алба хаагч ажилтнуудынхаа дунд аянаас гаргасан архины эсрэг арга хэмжээг зохион байгуулах ёстой юм байна. Эхний зохион байгуулж байгаа байгууллагуудын дүн мэдээ тайлан ирэх долоо гарч эхэлнэ гэж албаны хүмүүс хэллээ.

Төв аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2016 оны байдлаар эхний есөн сарын байдлаар 165 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 24 нэгж буюу 14,5 хувиар өссөн гэж Төв аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Э.Лхагсүрэн хэллээ.

Т.Есүхэйтөмөр

Related news