XX зууны шилдэг бүтээл "Тунгалаг тамир" роман франц хэлээр хэвлэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. XX зууны шилдэг бүтээл Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг франц хэлээр орчуулан албан ёсоор худалдаж эхэллээ.
Энэхүү романыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн орчуулсан байна. Тэрбээр өдгөө Бямбын Ринчений “Үүрийн туяа” романыг франц хэл рүү хөрвүүлж эхлээд байгаа аж.
Мөн өнгөрсөн жил болсон “Улаанбаатар-Олон улсын яруу найргийн форум"-ын үеэр франц хэлээр Парист хэвлэгдсэн “Жентаюу” Монголын уран зохиолын антологи, хятад хэлээр “Монголын яруу найраг”, казах хэлээр “Монголын яруу найраг”, Испанийн Мадрид хотноо хэвлэгдсэн “Хил хязгааргүй яруу найраг” Монгол-Испанийн яруу найраг антологиуд танилцуулсан юм.
Монгол Улсын Соёлын яам БНХАУ-ын Хэвлэн нийтлэлийн хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, хоёр орны сонгодог болон орчин үеийн шилдэг 100 бүтээлийг харилцан орчуулах ажил эхлээд байна. Эхний сонгодог таван бүтээлийг орчуулахаар сонгон бэлтгэл хангаж байгаа аж.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшүүлж, эв нэгдлийг нягтруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг утга зохиолыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Монголын утга зохиолын бүтээлийг гадаад орнуудад хэвлэж, үндэсний утга зохиолоор дамжуулан Монгол Улсыг сурталчилж буй юм.