ӨВӨРХАНГАЙ: Баруунбаян-Улааны нугын элс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-07-16 10:29:05

Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Улсын нийслэлээс баруун урагш 605 км, аймгийн төв Арвайхээр сумаас баруун урагш 175 км давхиж байж очдог сум бол Баруунбаян-Улаан юм.


Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсыг түшин орших энэ сум эмчилгээний Нугын элсээрээ алдартай. Сумын төвөөс зүүн тийш 10 км-т шаргалтан бидэртэх энэ элсэн манханг бөөр, нурууны өвчнийг эмчилж анагаах увидастай гэдэг бөгөөд жилд мянга гаруй хүн зорин очдог гэх судалгаа бий. Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Г.Батсуурь 1980-аад оны дундуур уг элсний эмчилгээний чанарыг нээж, түүнээс хойш олон арван хүнийг эмчлэн эдгээжээ.




Элсний эмчилгээ нь бөөрний түүдгэнцэр болон тэвшинцрийн үрэвсэл, давсаг, үе мөчний үрэвсэл, хоолойн ангина, архаг бронхит, рахит буюу хүүхдийн сульдаа өвчинд үр дүнтэй эмчилгээ болдог аж.


Нугын элсний дэргэд Таацын цагаан нуур үзэсгэлэн төгөлдөр тунарна. Гэвч сүүлийн жилүүдэд усгүй болж, ширгэх талдаа оржээ.


Таацын голын хөх арвай, Тахь нугын тэмээ, тарвасны амтаараа алдартай Баруунбаян-Улааныхан сумын түүхт 100 жилийн ойгоо 7 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тэмдэглэнэ. 



Related news