ДАРХАН-УУЛ: Уулын дугуйн уралдаанд 300 орчим тамирчин өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-06 20:02:13

Дархан, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Дугуйтай Дархан” клубээс санаачлан "Дархан-88" уулын дугуйн уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.


Монголын дугуйн холбоо, аймгийн ЗДТГ, БОАЖГ, ЭМГ, Цагдаагийн газраас хамтран зохион байгуулсан дугуйн уралдаанд 23 клубийн 300 орчим тамирчин оролцож, 14 насны ангилалд хоёр төрлөөр өрсөлдсөн юм. Тодруулбал, Улаанбаатар хот, Дорноговь, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дундговь аймгуудаас тамирчид зорин ирж, хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 



Уг тэмцээнд жил бүр 300-350 орчим тамирчин монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож байгаа нь Дархан хотын спортын аялал жуулчлалын чиглэлээр брэнд болж буй томоохон тэмцээн болсныг зохион байгуулагчид нь хэлж байв. 


Тэмцээний дугуйгаар нийт 88 км зам туулах бөгөөд Залуучууд театр-Зулзагын гол-Аргалын гарам-Шийрийн бригад-Цайдамын хөндий-Гүнж ресорт гэсэн замыг туулан шилдгүүдээ тодруулсан юм. Туулах замын тухайд өгсүүр даваа, огцом уруудах, элстэй, хад, чулуутай уруудах хэсэг зэрэг тамирчдын ур чадвар, тэсвэр тэвчээрийг сорьсон тэмцээн боллоо гэж оролцогчид онцолж байлаа.



Уралдааны багийн тэмцээнийг салган Олон Улсын жишигт нийцүүлсэн бол бөөн гараа тэмцээнийг хувийн дүнгээр дүгнэж, тамирчны хувийн амжилтыг үнэлж байгаагаараа онцлог байв.



Дархан-Уул аймгийн “Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө-2030”-д тусгай сонирхлын аялал жуулчлалын төрлийг бүсчлэн хөгжүүлж, өртөөчилсөн маршрутыг брэнд болгон таниулна хэмээн тусгасан байдаг. Үүний хэрэгжилтийг хангах, цаашид аймгийн брэнд болгох үүднээс "Дархан-88" уулын дугуйн уралдааныг зохион байгуулж хэвшээд байна. 





Related news