Бээжинд орон сууц худалдан авах нөхцөлийг зөөлрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 2 /Xinhua/. Хятад улсын нийслэл Бээжин хотын эрх баригчид үл хөдлөхийн зах зээлийн хөгжилд түлхэц өгөх зорилгоор орон сууц худалдан авахад тавьсан хязгаарлалтыг зөөлрүүлж байгаагаа мэдэгджээ.
Тодруулбал, хөдөө орон нутгийн иргэдэд хотын төвд үл хөдлөх хөрөнгө худалдан авахад тавьдаг босгыг доошлуулахаар шийдвэрлэсэн байна.
Бээжинд оршин суух зөвшөөрөлгүй иргэд нийслэлд гурван жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлсөн бол тавдугаар тойрог замын доторх бүсэд орон сууц худалдан авахыг зөвшөөрнө гэж нийслэлийн төрийн зургаан байгууллагаас даваа гаргийн орой хамтран гаргасан захирамжид дурдсан байна. Өмнө нь энэ хугацаа таван жил байсан юм.
Энэ сарын 1-нээс буюу мягмар гаргаас хэрэгжиж эхэлсэн шинэ захирамжийн дагуу мөн Бээжин хотын засаг захиргааны дэд төв байрладаг Түнжөү дүүрэгт орон сууц худалдан авах хязгаарлалтыг цуцалжээ. Ингэснээр тус дүүрэгт орон сууц худалдан авах журам нь хотын явуулж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нэгдсэн бодлогод нийцэх ажээ.
Шинэ бодлогын дагуу анх удаа орон сууц худалдан авч буй хувь хүний төлөх ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн доод хэмжээг 20 хувиас 15 хувь хүртэл, хоёр дахь удаагаа орон сууц худалдан авч буй тохиолдолд 30 хувиас 20 хувь хүртэл бууруулахаар шийдвэрлэсэн тул орон сууц худалдан авагчид санхүүгийн бэрхшээлтэй тулгарах нь багасах юм.
Түүнчлэн хоёр ба түүнээс дээш хүүхэдтэй Бээжингийн гэр бүлийн хувьд орон сууцны нөөц сангаас олгох зээлийн хязгаарыг 400 мянган юаниар (57 083 ам.доллар) нэмэгдүүлнэ гэж захирамжид дурджээ.