БАЯНХОНГОР: Монгол дархны ган ширээх урлагийн томоохон бүтээл - Сийлбэртэй ган дөрөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. 1930 онд олноо Дархан цоохор хэмээн нэрлэгдсэн Д.Дагвын урласан бүтээл "Сийлбэртэй ган дөрөө" нь Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Дархан цоохор Сайн ноён хан аймгийн хошуу ноён вангийн хошуу Жамьяан вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн байв.
Уг сийлбэртэй ган дөрөөний өндөр нь 17 см, өргөн нь 15 см, таваг нь таван нүдэн хээн дүрслэлтэй, тавагны огтлол 14.8х13.5 см, 1.8 см зузаан хөвөөтэй.
Төмрөөр урлах ухаан нь Төв азийн нутагт олон зууны туршид оршин амьдарч ирсэн манай ард түмний бүтээсэн оюуны болон эд өлгийн соёлын нэг. Төмөр урлал нь тухайн нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлага, ард түмний гоо сайхны таашаал сонирхолтой уялдан хөгжиж иржээ. Монгол урчууд төмөрлөгийг таньж мэдсэнээр хатаах, өнгөлөх, арвижуулах, ширээх, хайлах, бордох зэрэг олон аргыг эзэмшин боловсруулж ирсэн байна. Дээрх сийлбэртэй ган дөрөө нь монгол дархны ган ширээх урлагийн томоохон бүтээлийн нэг юм.
Монголчуудын адууны соёлтой холбоотой чухал тоног хэрэгслийн нэг нь дөрөө. Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль, мод, төмөр болон бусад олон төрлийн эдээр хийх бөгөөд дөрөөг монгол, жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялгана. Эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль зэргээр урладаг бөгөөд дөрөөг монгол жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялган нэрлэдэг уламжлалтай.