ИТХ-ын сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 87 хэсэгт явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтыг 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт явуулна.
Сумын сонгуулийн хороодын шийдвэрээр маргааш 74 сумын 81 хэсэгт, 19-ний өдөр 4 сумын 6 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар, хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулдаг.
Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй,
сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгнө. Улмаар
нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал
хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн
тойргийн санал хураалтын дүнг гаргахаар хуульчилсан гэж СЕХ-ноос мэдээллээ.