П.Буяндэлгэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх Товчооны гишүүн боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-28 10:41:27

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ээлжит их хурал Албанийн Тирана хотноо өчигдөр хуралдаж, шинээр сонгосон Гүйцэтгэх Товчооны долоон гишүүний нэг нь монгол хүн сонгогдов.


Тодруулбал, Азийн бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны удирдах зөвлөлийн гишүүн П.Буяндэлгэр ДБНХ-ны дээд байгууллага болох Гүйцэтгэх Товчооны гишүүн болж байна. Уг хуралд дэлхийн бөхийн нэгдсэн холбооны 121 орны төлөөлөгч оролцож, 100 хувийн саналаар түүнийг сонгожээ.


Ийнхүү П.Буяндэлгэр Монголын спортын түүхэнд  Олимпын төрлийн олон улсын спортын холбооны удирдах дээд зөвлөлд сонгогдсон хамгийн анхны бөгөөд эмэгтэй зүтгэлтэн болов. Гүйцэтгэх Товчооны долоон суудлын төлөө АНУ, Болгар, Гүрж Казахстан, Катар, Киргизстан, Монгол, Норвег, ОХУ, Португал, Унгар, Франц, Швейцар, Япон улсаас 15 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлджээ.


Ташрамд сонирхуулахад, Албанийн Тирана хотод Олимпын бус жингийн чөлөөт болон сонгомол бөхийн ДАШТ өнөөдөр эхэлж байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Цогбадрах, 70 кг-д Э.Тэмүүлэн, 79 кг-д О.Сүлдхүү, 92 кг-д Г.Ганхуяг, эмэгтэйчүүдийн 55 кг-д Ч.Отгонтуяа, 59 кг-д С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д З.Болортунгалаг нар өрсөлдөнө.


Related news