Г.Ганбаяр Словакийн дээд лигийн 14-р тойргийн бэлгэдлийн 11-т шалгарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн тамирчдаас гадаадын лигт тогтвортой тоглож буй ганц тоглогч нь Г.Ганбаяр билээ.
Тэрбээр Словакийн дээд лигийн “Комарно” багт хүчин зүтгэдэг юм. Тэгвэл түүний хувьд Словакийн хөлбөмбөгийн дээд лигийн 2024-2025 оны улирлын 14 дүгээр тойргийн Бэлгэдлийн шилдэг 11-т шалгарчээ. Энэ нь монгол тоглогч гадаадын мэргэжлийн лигийн бэлгэдлийн бүрэлдэхүүнд багтсан анхны тохиолдол болж байна.
Түүний хүчин зүтгэдэг “Комарно” клуб 14 дүгээр тойрогт талбайдаа “Спартак Трнава”-г хүлээн авсан ч шүүгчийн мэдлийн цагт гоол алдсанаар 1:2-оор хожигджээ. Уг тоглолтод Г.Ганбаяр гараанаас талбайн баруун жигүүр болон төв рүү довтолгоонд идэвх санаачилгатай маш сайн тоглож, тоглолтын 52 дахь минутад гоол оруулсан юм. Тэрбээр энэ улиралд одоогоор гурван гоол оруулж, дөрвөн гоолын дамжуулалт өгөөд байна.
124 жилийн түүхтэй “Комарно” клуб түүхэндээ анх удаад дээд лигт дэвшин тоглож байгаа нь энэ бөгөөд тавдугаар лигийн хүрээнд тавдугаар тойрогт анхны ялалтаа байгуулсан юм. Гэвч сүүлийн зургаан тоглолтод дараалан хожигдсоноор есөн оноотой 12 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Улирлыг энэ чигээрээ дуусгавал ирэх онд хоёрдугаар лиг рүү унах аж. Тус баг дараагийн тоглолтоо энэ сарын 24-нд хийх бөгөөд “Рузомберок”-ийн талбайд зочилно.
Ташрамд сонирхуулахад,
“Комарно” есөн легионер тоглогчтой бөгөөд үүний дөрөв нь Чехээс иржээ. Харин
Монгол, Нигер, Унгар, Камерун, Румынээс тус бүр нэг тоглогч байна.