Биеийн тамир, спортын тухай хууль хэрэгжиж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-01-02 17:05:18

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан бөгөөд өчигдрөөс хэрэгжиж эхэллээ.


Шинэ хуулиар спорт, нийтийн биеийн тамирыг дэмжих олон шинэ зохицуулалт орсон юм. Тухайлбал, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт “Спортыг дэмжих сан”-гаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдэж байна. Мөн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмаар улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болсон. Спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод нь олгох юм.


Тэгвэл нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс спорт клубүүдийг дэмжих, магадлан итгэмжлэгдсэн бол “Биеийн тамирыг дэмжих сан”-гаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ. Харин орон нутгийн биеийн тамир, спортын салбарын төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд бусад салбаруудын ижил зарчмаар таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсаас олгохоор болж байна.


Түүнчлэн сум, хороодод орон тооны биеийн тамирын аргазүйч ажиллаж биеийн тамир, спортын хуулийг хэрэгжүүлэх бөгөөд үүнд орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх юм.  

Related news