БАЯНХОНГОР: Шинээр тавих автозамын ТЭЗҮ-ийг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-07 10:05:34

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн гурван чиглэлд тавих 771.9 км автозамын техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсвийг боловсруулж эхэлжээ.


Говийн бүс, хангайн бүс, хойд бүсийн автозамуудын ТЭЗҮ, зураг төсвийг бүрэн гаргаж батлуулснаар автозамын гүйцэтгэлүүд албан ёсоор эхлэхийг аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Төлөвлөгөөний хүрээнд Баянхонгор - Баян-Овоо - Баацагаан - Баянцагаан - Жинст - Шинэжинст /222.7 км/, Баянхонгор - Баян-Овоо – Галуут – Жаргалант – Заг – Гурванбулаг /350 км/, Баянхонгор - Эрдэнэцогт - Хөл саяын даваа - Архангай /199 км/ чиглэлд автозам тавих юм.


Тодруулбал, 2023 оны 12 дугаар сард зохион байгуулсан “Инвест Баянхонгор” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Баянхонгор - Шинэжинст чиглэлд хатуу хучилттай автозам тавихаар талууд тохиролцон аймгийн Засаг даргатай санамж бичиг байгуулсан. Аймгийн төвөөс Баян-Овоо, Баацагаан, Баянцагаан, Жинст сумын нутаг дэвсгэрийг хамран Шинэжинст сумын төв хүрэх говийн бүсийн 222.7 км хатуу хучилттай автозамын ТЭЗҮ-ийг “Эрдэнэ монгол” ХХК-ийн санхүүжилтээр “Ти Ай Би” ХХК боловсруулж, эх хувийг орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

Монгол Улсын босоо тэнхлэгийн мянганы замыг холбосон 350 км хатуу хучилттай автозам нь Баянхонгор аймгийн хангайн бүсийн сумдаар буюу аймгийн төвөөс Баян-Овоо, Галуут, Жаргалант, Заг, Гурванбулаг сумын нутаг дэвсгэрийг хамран Архангай аймгийн Хангай сум хүртэл тавигдана. Авто замын ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах ажил 2024 оны 11 дүгээр сард албан ёсоор эхэлжээ.

Аймгийн төвөөс Эрдэнэцогт сум - Хөлс саяын даваа - Архангай аймгийн Булган сум - Цэцэрлэг хотыг холбосон нийт 199 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах гүйцэтгэгчийг өнгөрсөн сард сонгон шалгаруулаад байна.

Related news