Б.Байгалмаа: Манай гэрийн хамгийн үнэт хэсэг бол номын сан маань

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-01-14 14:42:57

Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Гэртээ 350 орчим номын фондтой, Баянхонгор аймгийн ахмад номын санч Бүнчингийн Байгалмаагийн гэрийн номын сангаар зочиллоо. Б.Байгалмаа аймгийн төв номын сан, ерөнхий боловсролын "Номун далай" сургуулийн номын санчаар ажиллахдаа Гэрийн номын сан, Номын зууч хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, номын сангийн үйлчилгээний үлгэр жишээ болон 42 жил ажилласан хүн юм.


Тэрээр анх аймгийнхаа Холбооны газартай гэрээ байгуулж, Номын зууч гэх 5 үүргэвч гарган түүндээ 5-10 ширхэг ном хийгээд хүргэж өгч, буцааж авч үйлчлэн номын хорхойтон олныг "бүтээсэн"-ээ бахархан ярих дуртай. Номын зуучаа хийж очоогүй байгууллага ч ховор.


Б.Байгалмаагийн номын сан хэд хэдэн хэсэгтэй. Номын сангаа номуудын агуулга бүрээр ангилжээ. Эхний хэсэг нь Алтан ургийн хэлхээс, өрх гэрийн алдрын түүх булан. Энэхүү хэсгийг тэрээр гэр бүлийн хүмүүсийнхээ намтар түүх, хийж хэрэгжүүлсэн ажил, ном бүтээлээр бүтээсэн. Хамгийн үнэт бүтээлүүд нь аав, ээж хоёрын маань докторын ажлын эх хувь, тэдний маань бичиж туурвисан номууд гэж тэрбээр тайлбарласан. Аав, ээжийнхээ бүтээсэн 20 гаруй номыг тэрээр хадгалж байна. Номын сангийн энэ хэсэг бол үр хүүхдэд маань, үрийн үрд үлдэх үнэт өв байх юм. Бусдад үлгэр жишээ болоосой гэх үүднээс энэхүү булангаа танилцуулах хамгийн дуртай гэж Б.Байгалмаа ярив.


Ахмад номын санч Б.Байгалмаагийн аав нь Хөдөө аж ахуйн ухааны доктор /Ph.D/ Б.Бүнчин, ээж нь Соёл судлалын ухааны анхны эмэгтэй доктор /Ph.D/ Ч.Сонгино, хоёулаа Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул. Аав Б.Бүнчин нь 1972 онд ХАА-н ухааны докторыг “Малын тоног хэрэгсэл” сэдвээр хамгаалсан бол ээж Ч.Сонгино нь 2000 онд "Монголчуудын үйл урлалын өв уламжлал" сэдвээр докторын зэрэг хамгаалж байжээ.


Дараагийн хэсэг бэлгэнд ирсэн, зохиогч нь дурсгасан номын хэсэг. Түүний дараагийн хэсэгт ханийнх нь бүтээлүүд буюу монгол хэлний хичээлийн чиглэлээрх, өөрийнх нь бичсэн номын сангийн чиглэлээрх гарын авлагууд бий.

Удаах хэсэгт Хонгор нутгийн зохиолч, яруу найрагчдын бүтээлийг архивлан авч үлдэж байгаа хэсэг байна. Баянхонгор аймгийн зохиолчдын түүхэн товчоон 70 жил, Хонгорын найрагчдын онгодын түүвэр зэрэг үе үеийн номуудтай. Мөн номын хорхойтнуудад зориулсан уран зохиолын хэсэгтэй. Түүнээс гадна сонирхлоороо цуглуулдаг цаг тооны бичиг, эрүүл мэнд, хоолны жорын сэтгүүлүүд олонтой.


Б.Байгалмаа гэрийнхээ зай талбайнаас шалтгаалан цөөнгүй номоо далд хадгалдаг ч ил тавиуруудын номоо тогтмол хугацаанд сэлгэн, шинэлэг байлгахад анхаардаг байна.

Related news