Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-01-26 09:25:17

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Шуурхай штабын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.   


Хуралдааны эхэнд Хөшигийн хөндийн туннелийг Сэлбийн хурдны замтай холбох авто замын төслийн танилцуулгыг сонслоо. Хөдөлгөөний ачааллыг бууруулахаар Туулын хурдны зам, Богдхан уулын туннель, Сэлбэ сэргэлт төслийг хэрэгжүүлж байгаа юм. Сэлбэ хурдны зам 25.2 км урттай, дөрвөн эгнээ, 15 уулзвартай бөгөөд гэрлэн дохиогүй, тууш хөдөлгөөнийг хангана гэж үзжээ.


Харин Сэлбэ сэргэлт төслийн авто зам 21.6 км урттай. Сонсголонгийн гүүрний арын уулзвараас эхэлж, Сэлбэ дэд төвийн замтай нийлнэ. Сэлбэ хурдны замын урд хэсэг, Сэлбэ сэргэлт төслийн авто замын хойд хэсэгт  6.5 км авто зам давхцаж байгаа учир зураг төсвийг дахин шинэчлэх шаардлагатай аж. Замуудыг олон түвшний огтлолцлоор холбох, Богдхан уулын туннелтэй холбох хэд хэдэн хувилбар гаргажээ.  


Улаанбаатар хотын Худалдааны танхимаас төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарах асуудлыг танилцуулав. 150 гаруй байгууллагын саналыг нэгтгэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хугацаа хүртэлх дотоод гадаадын хөрөнгө оруулагчийн эрх ашгийг ижил хамгаалах, төсөл санаачлагч, хэрэгжүүлэгч ААН-үүдийн технологи, бизнесийн нууцыг хамгаалах тогтолцоо, хариуцлагын механизм бий болгох зэргийг онцолсон байна.  Ерөнхий сайд төр, хувийн түншлэлийг сайжруулах чиглэлээр тус танхимтай хамтран ажиллах, Бахрейн улсын туршлагад үндэслэн хэрэгжүүлж буй “Business friendly” хөтөлбөртэй уялдуулахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгав. Мөн хуралдаанд танилцуулсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг анхаарууллаа.
           
Түүнчлэн штабын гишүүд манай улс FIDIC загвар гэрээг хэрэглэх, холбогдох хуульд олон улсын худалдан авалтын дөрвөн үндсэн зарчим тусгаж өөрчлөлт оруулах, “Дэд бүтцийн бүтээн байгуулалтын тухай” хууль батлуулах, Сайжруулсан хатуу түлш, техникийн шаардлага стандартыг шинэчлэх, Агаарын чанарын индексээр чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх зэрэг санал дэвшүүлж байлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын  цогц төлөвлөлттэй танилцлаа. Хөшигийн хөндийтэй холбоод Улаанбаатар хотын шинэ орон зай гаргаж ирсэн байна. Төлөвлөлтийг УИХ-аар батлуулчихвал хөрөнгө оруулагч талууд найдвартай, хуульчилсан төлөвлөгөө байна гэж үздэг” гэж хэллээ.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шуурхай штабын хуралдааны дараа БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барьж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа. Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэхүү төсөлтэй уялдуулан хаягдал усыг дахин боловсруулах технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Төслийн хэрэгжилт 60 хувьтай. Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахыг багасгана гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Related news