ГОВЬ:АЛТАЙ: Д.Амарбаясгалан: Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэгдүгээр сарын 29-нөөс УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хамтаар Говь-Алтай аймгийн сумдад ажиллаж байна.
Улаанбаатар хотоос 1000 км зайд амьдран суугаа иргэд УИХ-д сонгогдон, төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүд Монгол Улсын баруун хязгаарт ирж, тэдний санал бодлыг хүлээн авч, уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
Цогт сумын Баянтоорой тосгонд ажиллах үеэрээ УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 126 гишүүнтэй анхны парламент намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомж, баримталж буй бодлогын талаар танилцуулсан юм.
Баруун бүсийн иргэд зах зээлдээ хүрэхийн тулд 1000 гаруй км зам туулж байгаа нь бусад аймагтай харьцуулахад өрсөлдөх чадвар сул байна. Тиймээс баруун бүсэд дэд бүтэц, авто зам, боомтын сэргэлтээр хөгжүүлэх зорилгын хүрээнд Говь-Алтай аймагт дулааны шугам сүлжээний 2 дугаар хэлхээ, сэргээгдэх эрчим хүчний судалгааны төв зэргийг байгуулж эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг мөн үеэр УИХ-ын дарга онцоллоо.
Цогт сумын Баянтоорой тосгонд Говийн их дархан цаазат А хэсгийн хамгаалалтын захиргаа байрладаг учраас иргэдийн зүгээс Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлаар асуулт асуулаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Нарансэвстэйн боомтыг нээх эсэх асуудалд ул суурьтай хандаж, бүх талын оролцоо, тооцоо судалгааг үндэслэж шийдвэр гаргана гэлээ.
“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан 33407 иргэний саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий УИХ-аас байгуулсан ажлын хэсэг иргэд, эрдэмтэн судлаачид, байгаль хамгаалагч нарын санал хүсэлт, судалгаануудад тулгуурлан ажиллана гэдгийг онцлон хэлсэн юм.
Түүнчлэн, Баянтоорой тосгоны зам давааг сайжруулсан хэлбэрт оруулах, хувийн хэвшлийн усалгааны системийг ашиглалтад оруулах зэрэг санал хүсэлтээ илэрхийллээ.