ДУНДГОВЬ: "Гэр ном"-оор эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-02-04 14:35:00
altantogos

Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын журамт цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг угтаж, “Содон ном” бүтээлийн уралдаан зарлаж, 20 сургууль, 7 байгууллага бүтээлээ ирүүлжээ.


Уралдааныг багш хүүхдийн хамтарсан баг, байгууллага хамт олны баг гэсэн 2 ангиллаар зохион байгуулж, оролцогчид Д.Сүхбаатарын намтар, гавъяаг судалж, бүтээлч, өвөрмөц сэтгэлгээгээр “Содон ном” бүтээжээ.


Багш хүүхдийн хамтарсан багийн ангилалд Говийн ирээдүй сургуулийн А.Алтангэрэл багштай сурагчдын баг “Хүрдэн ном” бүтээлээр, байгууллага, хамт олны багийн төрөлд мөн Говийн ирээдүй сургуулийн багш нарын баг “Гэр ном” бүтээлээр тэргүүн байр эзэлжээ.


“Гэр ном”-ыг бүтээхдээ Д.Сүхбаатарын намтар, түүхэн үйл хэрэг, алдар гавъяаг монгол гэрийн уламжлалт ахуйтай уялдуулан бүтээж, үүгээрээ эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг илэрхийлжээ.


Гэр номыг бүтээхэд үндэсний бичиг, зүү ороох, хайчилбар, таталбар зураг, ширмэл урлал, дээс томох, утас ээрэх, даавуу цардах, шавар урлал, наамал, гэр макет, утсан наамал, зээгтэй хөвөрдөх оёдол зэрэг гар урлалын олон төрлийг ашиглаж хийсэн ба гэрийн тооно, унь, бүрээс, оосор бүч гээд гэрийн бүх хэрэглэлийг өөрсдөө хийсэн нь онцлог байна. 





















Related news