ӨМНӨГОВЬ: Загт говийн заан түмэн тэмээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-06 17:50:54

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хоёр бөхт тэмээн сүргийн өлгий нутаг Өмнөговь аймаг 26 дахь жилдээ түмэн тэмээний баяраа хийлээ.

 

Говь нутаг гэдэг хур тунадас багатай, гандмал хуурай, эрс тэс уур амьсгалтай, зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрдэг. Хаврын улиралдаа  хүчтэй салхи шороотой.

 

Ийм л цаг агаарын хүндэд дасан зохицож, төдийгөөс өдийг хүртэл тэмээ, тэмээчин хоёр захгүй говийн их хээлийг эзэнтэй байлгаж, түм хүртлээ өсөн үржиж, тэмээчин баатруудаа төрүүлсээр ирсэн баялаг арвин намтар нь бидний түүхийн салшгүй хэсэг билээ. Тэдэнгүйгээр говь нутгийг төсөөлөх аргагүй.

 

Тэнэгэр говийн тэнхээт энэ амьтныг тайван аядуу зантай болохоор тэр үү тэмээ тэнэг амьтан гэхтэй цөөнгүй таарч байлаа. Чухамдаа тэмээ гэдэг хэчнээн ухаантай гэдгийг говийнхон төдийгүй тэмээ судлаач эрдэмтэд хэлж байна. Тэнгэр, газрын савсалгад оршин буй зах нь үл үзэгдэх элсэн манхан, уужим цэлгэр тал нутгийг тэр чигээр нь нүдэндээ багтааж дээ гэмээр том хүрэн нүдэндээ дүүрэн нулимс бөмбөрүүлэн зогсох нь ямар уяхан гэдгийг илтгэх билээ. Хөөслөх дуу, лимбэн аялгуунд ингэтлээ мэлмэрэх өөр ямар адгуус амьтан байдаг билээ гэж бодоход ойр л үгүй. Цаг агаар царайчлан амьдардаг малчин эзэндээ цорын ганц нөмөр түшиг ээлтэй сүрэг. Ээрэм эзгүй бэлчээрт нүдгүй шуурганд малчин эзнээ эндээлгүй хот айлыг төвөггүйхэн олоод ирдэг замч гэдгээрээ тэмээчин ард түмний дунд домог болон олон түүх яригдсаар буй...   

 

Их говийн эзэн тэмээг нүүдэлчин монголчууд эрт эдүгээс өнөөг хүртэл уналга эдэлгээндээ хэрэглэж, бүр хил дамнасан худалдаа арилжааг торгоны замаар анх тэмээн жингээр тээсэн агуу түүх бидэнд бий. Улмаар тэмээнээс гарах ноос, мах, сүү, цагаан идээг нь хүнс хоолондоо өргөнөөр хэрэглэх, одоо цагт бүр эрүүл мэндийн асар чухал хэрэглээ болжээ. Уртын саальтай тул жилийн дөрвөн улиралд сүү цагаагаар эзэн малчнаа тэтгэдэг дээдийн буянт сүрэг юм.

 

Нэн эртнээс өвлийн ид хүйтний улирал эхлэх үест сүргийнхээ сор болсон тэмээгээ сойж уралдуулдаг уламжлал нь өнөөгийн энэхүү өвлийн спорт, аялал жуулчлалын их талбар, тэмээн соёлын илэрхийлэл болон хөгжиж дэлхийн нийтийн анхааралд өртөх болжээ.

 

Монгол улсад тэмээ бүхий найман аймаг байдаг бөгөөд 1958 онд 800 мянган тэмээ тоолуулж байсан түүхтэй. Харин 1990-ээд оны үеэс тэмээн сүргийг хувьчилж эхэлсэн байна. Тэр үеэс малчид тэмээгээ ихээр худалдан борлуулж байсан нь  тэмээний нэг таахай 10 мянган төгрөг хүрч байсантай холбоотой. Тиймээс өрхийн орлогодоо нэмэрлэхээр тэмээгээ хил рүү олноор зөөсөн нь тэмээн сүргийн тоо толгой цөөрөхөд нөлөөлжээ. Ингээд 1990 оны үед Монгол улс нийтдээ 100 мянга хүрэхгүй тэмээтэй болсон байв.

 

Тиймээс Өмнөговь аймгийн хэмжээнд тэмээн сүргийн тоо толгойг өсгөж амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг дээшлүүлэх зорилгоор төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн юм.

 

Тухайлбал 1996 онд “Түмэн тэмээ” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэрийн санаачилгаар анхны тэмээтэй аяллыг жуулчдын дунд зохион байгуулж, улмаар 1997 онд нэгдсэн тэмээний баярыг албажуулан зохион байгуулж байжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ 2004 онд "Тэмээ хамгаалах сан"-г байгуулж, тэмээчдийн бойжуулсан ботго бүрд мөнгөн урамшуулал олгох ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нь малчдын дунд "Ботгоны мөнгө" хэмээн алдаршиж, тэмээний тоо толгойн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулж чадсан юм.  


Улмаар 2015 онд "Тэмээ хамгаалах сан" болон "Түмэн тэмээ-Тэмээн аялал жуулчлалын холбоо"-д нэгдэн хоёр бөхт тэмээгээ дэлхийд сурталчлах ажлуудыг эрчимтэй хэрэгжүүлж, 2015 онд Монгол Улсын Засгийн газар "Ботго авхуулах зан үйл"-ийг ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь тэмээн соёлыг дэлхийд таниулахад томоохон ахиц болсон юм. Үргэлжлүүлэн Өмнөговь аймаг 2016 онд "Монгол тэмээ-999" үйл ажиллагааг зохион байгуулж, 1132 тэмээг 15 километр зайд уралдуулан, 1108 тэмээг барианд оруулснаар дэлхийн дээд амжилт тогтоон, Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй. Өнөөдөр Өмнөговь аймаг 148 мянган тэмээ тоолуулж, дэлхий дээрх хамгийн олон хоёр бөхт тэмээтэй бүс нутаг болжээ.

 


Монголын аялал жуулчлалын ууган эвент “Түмэн тэмээний баяр” өвлийн спортын томоохон үйл ажиллагаа, уламжлалт баяр болон хөгжиж ийн дэлхий нийтийн анхаарлыг татаад буй.


"Түмэн тэмээний баяр-2025"-т 6 аймгийн 21 сумын малчид оролцсон бол гадаадын 10 орны 100 орчим тэмээний мэргэжилтэн, зочид төлөөлөгчид зорин ирж үзжээ. Нөгөөтээгүүр түмэн тэмээний баяраар дамжуулан тэмээний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, монгол ахуй амьдралыг олон орны жуулчдад эергээр таниулж буйгаараа ач холбогдолтой. Мөн тус баярын гол зорилго тэмээний амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээний ноос, сүү сүүн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж тэмээчдийг тогтмол орлоготой болгох юм.


Өмнөговь аймаг тэмээн соёлыг аялал жуулчлал, тэмээн спортоор дамжуулан хөгжүүлэх, ингэний сүү, цагаан идээг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд гаргаж, эдийн засгийн эргэлтэд оруулах алсын хараатай бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ зорилтын хүрээнд ингэний сүүний үйлдвэрийг дэлхийн банкны санхүүжилтээр хувийн хэвшилтэй хамтраад Даланзадгад суманд байгуулжээ. Тус үйлдвэр шингэн, хуурай хоёр төрлийн сүүг үйлдвэрлэж байна. Хуурай сүү нь дэлхийн зах зээл дээр 200 орчим ам.долларын үнэлгээтэй. Ингэний 14 литр сүүнээс 1 клограмм хуурай сүү гаргаж авдаг бөгөөд үүнийг эдийн засгийн томоохон боломж хэмээн харж байна.


Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ хэлэхдээ, "Өмнөговь аймгийн хэмжээнд жилд 15-20 мянган ингэ ботголдог. Одоогоор ингэнээс гарч байгаа сүүнийхээ 10 гаруй хувийг саалинд хэрэглэдэг. Харин аймгийн хэмжээний хэрэгцээнд 50 хувьд хүргэж ашиглавал жилд 60 тэрбум төгрөг эргэлдэх боломжтой байгааг мэргэжилтнүүд ярилаа. Тэмээний сүүнд хүний эрүүл мэндэд хэрэгтэй маш олон элемент байгааг дэлхийн эрдэмтэд нотолсон юм. Иргэд тэмээний мах, сүү цагаан идээг эргээд ихээр хэрэглэж байна. Олон улсын зах зээл дээр ч эрэлттэй болжээ.


Түүнчлэн аялал жуулчлалын бүс нутагт амьдарч байгаа малчин эмэгтэй тэмээний чихмэлийг өвөлдөө 2-3 мянган ширхгийг урлаж, зундаа жуулчдад борлуулаад өрхийн орлогодоо 30-40 сая төгрөгийг олж чадаж байгаа нь тэмээний амьдын үнэлэмж хэрхэн нэмэгдэж байгааг тодхон харж болно.

 

Энэ бүхэн өнө эртнээс өдгөө хүртэл тэмээн сүргээ адгуулан маллаж, Галбын улаан, Ханын хэцийн хүрэн хэмээх хоёр том үүлдрийг бий болгож, тэмээчин хөдөлмөрийн баатраа төрүүлсэн төдийгүй тэмээний алдарт уяач хэмээх цолыг анхлан бий болгосон гавьяа зэрэг нь тэмээнд хайртай хүн бүрийн олон жилийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүн билээ.

 

Загт говийн заан, харганат говийн хаан болсон тэмээн сүргийнхээ үр шимийг дэлхий даяар сурталчлан таниулж, ногоон хөгжил буюу аялал жуулчлал, спортоор хөгжүүлэх их аяны харгуй дардан байх нь дамжиггүй.

 

Уудам Монгол орныг бүрхэн идээшилж яваа хүрэн улаан тэмээд түм бумаараа өсөн үржиж, түмэн олныг тэжээн тэтгэх болтугай.  

                                                                                                            

Related news