ДАРХАН-УУЛ: Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авах иргэд нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйчид өнгөрсөн онд 4219 иргэнд үйлчилжээ. Уг төв гурван сэтгэл зүйчтэй бөгөөд иргэдэд хууль зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөс гадна сургалт нөлөөллийн ажил, сэтгэл зүйн ганцаарчилсан, бүлгийн уулзалт, зөвлөгөө өгч байна.
Дээрх иргэдийн 2017 нь ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө болон сургалт нөлөөллийн ажил, бүлгийн зөвлөгөө авчээ.
2024 онд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авах иргэдийн тоо 2023 оныхтой харьцуулахад нэмэгджээ. Тухайлбал 2023 онд 150 орчим иргэн, хүүхэд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авч байсан бол өнгөрсөн онд 269 болж нэмэгджээ.
Насны хувьд 10-17 насны хүүхэд 40 хувийг эзэлж байна. Энэ нь өсвөр насныхан сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлага тулгарч, тэр хэрээр нэмэгдэж байна гэж тус төвийн сэтгэл зүйч Н.Цэрэндулам ярилаа.
Мөн дөчөөс насны иргэд ганцаарчилсан зөвлөгөө авах нь нэмэгджээ. Зөвлөгөө авч буй насан хүрэгчид ихэвчлэн гэр бүлийн зөрчил, хосын харилцааны талаар зөвлөгөө авч байна.
Тухайлбал эхнэр, нөхөртэйгөө хэрхэн сайхан харилцаатай байх, өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн зөв харилцах, сэтгэл гутралаас хэрхэн гарах талаар ганцаарчилсан болон хосын зөвлөгөө авч байгаа нь хамгийн түгээмэл, тулгамдсан асуудал болжээ.
Сэтгэлзүйн зөвлөгөө авч буй иргэдээс өсвөр насныхан илүү нээлттэй байж өөрт тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх тал дээр сэтгэл зүйчтэйгээ хамтарч ажилладаг бол насанд хүрсэн иргэд зөвлөгөө авч байгаа хэдий ч төдийлөн нээлттэй байж чаддаггүй гэнэ.
Асуудлыг гэр бүлийн хүрээнд шийдвэрлэх тохиолдол гарч аав, ээж, ах, эгчтэйгээ ярилцах зөвлөгөөг сэтгэл зүйчээс өгөхөд өсвөр насныхан дийлэнх нь тэд биднийг сонсдоггүй, бас төвөгшөөсөн байдлаар ханддаг гэж хариулдаг гэв. Энэ нь хүүхдийг ганцаардах, хүсэл зорилгоо илэрхийлэх боломжийг хумигдуулж байна гэж үздэг байна.
Гурван сэтгэлзүйчид хандаж буй иргэд олон байдаг ч зөвхөн 2025 он гарснаас хойш сэтгэл зүйч Н.Цэрэндуламаас тогтмол үйлчилгээ авч буй 10 иргэн байна. Үүнээс хоёр нь насанд хүрсэн эрэгтэй, дөрвөн хүүхэд , дөрвөн эмэгтэй байна.
Мөн зөвлөгөө авч байгаа иргэд асуудлаа шийдвэрлэж чадахгүйгээр дундаас орхих тохиолдол гардаг байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө авч буй хүмүүс идэвхтэй, санаачилгатай, нээлттэй өөрийгөө бүрэн илэрхийлж чадвал хэдий хэр хугацаанд үргэлжлэх, олон удаагийн зөвлөгөө авсан бол сэтгэл зүйчийн зүгээс зөвлөгөө дуусах хугацааг хэлж өгдөг байна.
Түүнчлэн тухайн иргэний асуудлаас шалтгаалан бүтэн жил ч үргэлжлэх магадлалтай. Үүнд гэр бүлийн хүчирхийлэлд удаан амьдарсан, эсвэл бусад хүчирхийлэлд олон өртсөн бол удаан хугацаагаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл заслын үйлчилгээ үзүүлдэг байна.
Өсвөр насны хүүхэдтэй бол тэднийг сонсох, хүүхдийнхээ хүсэл, тэмүүллийг дэмжих, тэдэнтэй сайн ярилцаж ойлголцох нь хүүхдээ зөв хүн болж төлөвшихөд нөлөөлж, эцэг, эх асран хамгаалагчид өөрсдийн үүрэг, хариуцлага, оролцоогоо нэмэгдүүлэх нь чухал гэдгийг сэтгэл зүйч Н.Цэрэндулам онцолж байна.