ДУНДГОВЬ: Сар шинийн баярын өдрүүдээр цаг агаар дулаан тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-02-25 14:37:59
altantogos

Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн нийт нутгаар дулаан байх төлөвтэй байна.


Тус аймгийн УЦУОШТ-ийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд цас орохгүй, 27-ны өдөр салхи баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсэх ба ихэнх хугацаанд шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Одоогийн байдлаар тус аймгийн нийт нутгийн 10 гаруй хувьд цастай, Адаацаг, Өндөршил сумын нутагт 1 см зузаан, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Дэрэн, Луус, Дэлгэрхангай сумын нутгаар бага хэмжээний цастай гэж мэдээлжээ.


Ирэх гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр сарын дундаж агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байх ба олон жилийн дундаж нь аймгийн ихэнх нутгаар 4-8 хэм хүйтэн байдаг. Тухайн сард олон жилийн дунджийн орчим буюу 0–2 мм хур тунадас орох төлөвтэй байна.


Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн нийт нутгаар багавтар үүлтэй, салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, агаарын дундаж темпратур 0-5 хэмийн хүйтэн байна.

Related news