ЗАВХАН: Төл малыг өвс ногоонд эрт цатгаж, тарга хүч авахуулбал сайн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-28 17:07:44

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэндэнгийн Өлзийтогтох улсын аварга малчны шагналаа гардан авлаа.


Улсын аварга малчны шагналыг УИХ-ын гишүүн Б.Түвшин Их хайрхны Өндөр цагаан өвөлжөөнд нь очиж гардуулан өглөө.

Эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөж буй Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэндэнгийн Өлзийтогтох, эхнэр Д.Мөнхмандах нар сумынхаа 15 дахь улсын аварга малчин болжээ.


Эднийх дөрвөн үеэрээ буянт мал сүргээ өсгөж ашиг шимийг нь хүртэж, залуу малчдыг малжуулж иржээ. Сартуул омгийн хонин сүрэг, буурал омгийн халтар ямаа, цэвэр монгол үхрээ өсгөн үржүүлж байна.


Энэ хавар 300-гаад хурга, 200 гаруй ишиг, 200-гаад тугал хүлээн авна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй төл хүлээн авчээ.
Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчин бидэнд нүүдэл их чухал.


Отрын чанарыг бууриа сольж нүүсэн тоогоор биш, малын тарга, ногооны халдцаар үнэлдэг. Өвс, ургамал, ус, хужрын сор хаана байна, дөрвөн улирлаар тэнд нүүдэллэж отор хийх нь малчин хүний гол ажил олз юм гэж Хөдөлмөрийн баатар малчин хэллээ. 


Ер нь отрын бэлчээрт яваа мал ургамлын аль сайныг олж идэж, усны тунгалгийг уудаг. Отор олон янз. Малаа ногоолуулж тэнхрүүлэх. таргалуулах, авсан тарга хүчийг тогтоох гээд олон янзын отор хийдэг дээ.


Тухайлбал хавар уулын энгэр, гуу жалга мэт зөөлөн хөрстэй, нөмөр газар хамгийн эрт агь нүдэлж, ургадаг ийм газраар хонио оторловол хаврын ядарч туйлдсан мал амархан тэнхэрнэ.


Хавар аль болохоор эрт ногоо идүүлж чадбал тэнхэрсэн мал тэр чанараараа сайн таргалдаг. Ер нь мал тэнхрүүлэх ажлыг цасан доорх амт чанартай өвс идүүлэхээс эхэлбэл сайн байдаг. Ногоо нялх үед өдөр бүр услах гэсний хэрэггүй. Ногоо нь дотроо  устай тул усаа биш бэлчээрээ дагах нь чухал юм. 

Төл малыг  өвс ногоонд  эрт цатгаж, тарга хүч авахуулбал сайн байдаг. Энэ жилийн сүүлтэй хурга, ирээдүйн тарган хонь гэсэн үг. “Хургандаа цадаагүй бол төлгөндөө майлна” гэсэн үг бий. Хурга давжаа бол үхэл тасрахгүй жишээлэхэд намрын хяруу унахаар ядуу дорой нь үхэж эхэлнэ.

Хавар болж дулаарлаа, хамаг юмыг ардаа хийлээ гэж тайвширч болохгүй. Хэчнээн өнтэй өвөлжсөн ч, хэчнээн тарган орсон ч хавар цагт малын үе мөч суларч, зөнгөөрөө ядруу болсон байдаг. Ийм үед гашуун хүчтэй ургамал тухайлбал, агь, бутуул, ерхөг, зултаргана бага боловч идүүлж байвал хөл нь амархан чангарна.

Мал тэнхрэхэд хужир их чухал, хужрыг давс  орлож чадна, давсыг хужир орлохгүй. Ид хүйтэнд давс хужир малд илч нэмдэг гээд ахмад малчдаасаа сурсан мэдсэн зүйл бий. Одоо ч үр хүүхдүүддээ, залуу малчдад захиж хэлж өгдөг гэж улсын аварга малчин С.Өлзийтогтох хэллээ.

Тэрбээр 2012 онд "Аймгийн аварга малчин", 2019 онд "Алтан тугалын эзэн" болсон байна.



Related news