“Алтан баззер”-т зодоглох 64 бөхийн нэр тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-28 14:34:16

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо, “Бест буйдан” компанитай хамтран зохион байгуулдаг “Алтан баззер” чансаа өндөр 64 бөхийн барилдаанд зодоглох бөхчүүдийн нэр тодорлоо.


Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулсан тус барилдаан бөхчүүд учраа бөхөө сугалаагаар сонгодгоороо онцлогтой. Өөрөөр хэлбэл, нэгийн даваанд арслан цолтой хоёр бөх ч таарах магадлалтай гэсэн үг. Барилдаанд улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймаг, цэрэг, сумын цолтой 64 бөх барилдана. Тодруулбал, улсын арслан хоёр, заан тав, харцага найм, начин 21, аймгийн хурц арслан долоо, аймаг, цэргийн арслан 14, заан гурав, харцага хоёр, начин хоёр, сумын заан цолтой нэг бөх багтжээ. Хоёр дахь удаагийн барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, арслан Б.Орхонбаяр, заан М.Лхагвагэрэл нар тодорхой шалтгааны улмаас барилдахгүй.  


Энэхүү барилдаанд түрүүлсэн бөх 20 сая төгрөгийн бай шагнал гардах бол үзүүрлэсэн нь 10 саяын эзэн болно. Харин их шөвөгт шалгарсан нь таван сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм. Түүнчлэн уран мэх хийсэн бөхийг нэг сая төгрөгөөр урамшуулахаас гадна 1-3 давсан бөх 200-400 мянган төгрөгийн давааны бай авах ажээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн жилийн анхдугаар барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэж байсан билээ. Барилдаан маргааш 15:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхлэх бөгөөд NTV телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.


Жич: нөгөөдөр буюу энэ сарын 30-ны ням гарагт Увс аймгийн түүхт 100 жилийн ойн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. 



Related news