ХӨВСГӨЛ: “Номын баатрууд амилсан нь” баярын жагсаалд үлгэрийн 300 баатар оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 21 / МОНЦАМЭ/. МУСГЗ Далантайн Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай номын баярыг 37 дахь удаагаа өнөөдөр өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Энэ үеэр ерөнхий боловсролын 8 сургуулийн сурагчид, 15 цэцэрлэгийн хүүхэд, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд, Нийтийн номын сангийн хамт олон “Номын баатрууд амилсан нь” баярын жагсаалд үлгэрийн 300 баатрын дүрд хувиран оролцсон нь өмнөх жилүүдээс онцлог боллоо.
Нийтийн номын сангийн хамт олон номын баярыг угтан нэгдүгээр сараас эхлэн "Үлгэрээр үлгэрлэе" цахим бичлэгийн уралдаан, “Бяцхан театр” дүрийн уралдаан, тэргүүний уншигч, “Хамтдаа уншъя хамтдаа хөгжье” аян зэрэг хүүхэд, залуучууд, иргэдэд зориулсан соёлын олон үйл ажиллагааг зохион байгуулж, 600 орчим хүүхэд, залууст хүрч үйлчилжээ.
Өнөөдөр номын баярын үеэр шилдгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.
Хөвсгөл аймгийн Нийтийн номын
санг 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулж байсан
бол эдүгээ 19 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай,
монгол, англи, орос болон бусад хэлний 70 гаруй мянган номын фондтой Номын сан
мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.