ГОВЬ-АЛТАЙ: Улаанбурхан өвчний батлагдсан 1, сэжигтэй 5 тохиолдол бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт улаанбурхан өвчний батлагдсан 1, сэжигтэй 5 тохиолдол бүртгэгдлээ
Говь-Алтай аймагт улаанбурхан өвчний нэг батлагдсан тохиолдол, тав сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн байгууллагууд тухайн тохиолдлуудыг тусгаарлан эмчилгээ, хяналт шинжилгээг шуурхай зохион байгуулж байгаа бөгөөд сэжигтэй тохиолдлуудад лабораторийн шинжилгээ, тандалт үргэлжилж байна.
Иргэдийг дараах зөвлөмжийг мөрдөхийг анхаарууллаа.
• Хүүхдийг хугацаанд нь улаан бурхны эсрэг дархлаажуулалтад хамруулах;
• Ханиалгах, найтаах үед амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сайтар сахих;
• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах;
• Олноор цугларсан газраар аль болох зорчихгүй байх.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар нь улаан бурхан өвчний тархалтаас сэргийлэх, хяналтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Эрсдэлээс сэргийлж, хамтдаа хариуцлагатай хандахыг нийт иргэддээ уриалж байна.