“Лусын баяр” багт наадам зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-08 16:10:41

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕББД 12 жилийн 5-р сургууль намар цагийн соёл хүмүүжлийн ажлын нээлтээ “Лусын баяр” багт наадмын  арга хэмжээгээр эхэллээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар хүүхдүүд хамтарч эвсэх, шинийг эрэлхийлж, бүтээлч болгоход дөхөмжтэй болж байгаа юм хэмээн тус сургуулийн захирал Б.Болд ярилаа. Тус сургуулийн хамт олон 2016-2017 оны хичээлийн жилийн намар цагийн соёл хүмүүжлийн ажлынхаа нээлтийн үйл ажиллагаатай уялдуулаад “Ирээдүйн хишиг сан” ТББ-ын тэргүүн Л.Оюунчимэгийн санаачлагыг дэмжиж энэхүү үйл ажиллагааг багт наадам хэлбэрээр зохион байгуулжээ. Ер нь хүүхдүүд багт наадамд их дуртай байдаг аж. Энэ ч утгаараа хүүхдүүд энэхүү үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцжээ. Тус арга хэмжээг хамтран зохион байгуулагч “Ирээдүйн хишиг сан” ТББ-ын тэргүүн Л.Оюунчимэг:”Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд төрийн байгууллагатайгаа хамтраад боловсролын салбарт, хүүхдүүдийнхээ төлөө их олон ажил арга хэмжээг зохион байгуулж байгаасай гэдгийг би энэ ажлаараа харуулахыг бодсон юм. Мөн тэрээр хүүхдүүдийг харж байхад наад зах нь хувцаснаас эхлээд мөн бүжгийн хөдөлгөөнөө нэгтгэх гэж их хөдөлмөрлөсөн байна. Энэ бүгд эцсийн дүнд хүүхдүүд нэгдэхээс гадна бие биедээ туслах, бие биеэ ойлгох гээд олон дэвшил гарч байгаа юм” хэмээн ярилаа.

Тус “Лусын баяр” арга хэмжээний хүрээнд 5-12-р ангийн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан, 8-12-р ангийн сурагчдын дунд 4 төрөлт багт наадам зохион байгуулсан байна. Гар зургийн уралдлаанд 1-р байрыг 5-р ангийн сурагч н.Баянжаргал, удаах байрыг 7-р ангийн сурагч н.Түшиг, 12 а ангийн Дөлгөөн нар эзэлжээ. Мөн багт наадмын “Мэндчилгээ”-ний төрөд 9а анги, “Шилдэг мисс мистер” төрөлд 11а анги, “Шилдэг нүүр хувиргалт”-ын төрөлд 12а анги, “Шилдэг хувцаслалт”-аар 12а  анги тус тус шалгарч шагналын эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг

 

Related news