Хатуу хучилттай зам дээр мал дайруулах явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-16 23:21:45

Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд байгаа хатуу хучилттай 167км авто зам тус аймгийн нутаг дэвсгэрт байдаг ажээ. Энэхүү замд он гарснаас хойш мал машинд дайруулсан 8 авто осол гарчээ.

"Жолооч нар шөнийн цагаар маш хурдтай явдаг, зөрж байгаа тээврийн хэрэгсэлүүд гэрэл шилжүүлдэггүй. Гэтэл үүнээс үүдэн гэрлийн гялбаанд зам дээр байгаа мал харагдахгүйгээр хэт ойртсоны улмаас тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадалгүйгээр мал мөргөх явдал гарч байгаа. Үүнээс болж хүн гэмтэж байна, эд хөрөнгөөрөө хохирч байна" гэж аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, Цагдаагийн ахмад  О.Чулуунбаатар ярилаа.

Ийм төрлийн зам тээврийн осолд жолооч, малчин хоёр хоёул буруутай байдаг байна. Жолооч хурдаа тохируулж яваагүй учраас осол гарч байгаа бол малчид замын хөдөлгөөний дүрмийн 23.7-д  суурингийн гаднах засмал замд 50м-ээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэж заасан заалтыг зөрчсөн байдаг ажээ.

Д.Мишигсүрэн

 

Related news