Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа.
Сонсголын эхэнд нэр дэвшигч С.Наранцогт сүүлийн 22 жилийн хугацаанд санхүү, банкны салбарт ажиллаж буй туршлагадаа үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан болохыг хэллээ. Тэрбээр мөнгөний бодлогыг сонгуулийн циклээс хамаардаггүй болгож, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд мэдлэг туршлагаа зориулахаа илэрхийлсэн юм. Мөн Монголбанкны үндсэн зорилт буюу үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хамгаалах, зөвхөн мөнгөний бодлогын хэрэгсэл төдийгээр хязгаарлахгүй, төсөв, сектор, банкуудын харилцан уялдаанд үндэслэн цогц үйл явц гэдгийг тодотгож, макро бодлого, валютын нөөцийн удирдлагыг "гаднаас нь биш, дотроос нь" авч хэрэгжүүлэх болно. Мөнгөний бодлогыг төсвийн бодлоготой нийцүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй үйл ажиллагааг Төв банкнаас тусгаарлахыг чухалд тооцно. Банкуудын эрсдэлийг бодитоор үнэлж, салбарыг эрүүлжүүлэх шийдвэр гаргахын төлөө ажиллана хэмээв.
Энэ удаагийн сонсголд нийтдээ 36 хүн урьдчилан бүртгүүлснээс 21 нь оролцогчоор, 15 ажиглагчаар оролцож, нэр дэвшигчээс асуулт асууж оролцлоо. Энэ удаагийн сонсгол өмнөх нэр дэвшигчийн сонсголтой харьцуулахад хамгийн олон оролцогч, ажиглагч оролцсон байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд дагуу нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын 2 өдрийн дотор сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланг УИХ-ын нийт гишүүдэд хүргүүлж, эрх бүхий этгээдийн санал, сонсголын тайланг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн санал дүгнэлт гаргах хуулийн зохицуулалттай. Сонсголын тайлан, байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулах аж.
Ulaanbaatar