БУЛГАН: Гурвалжин уулын бичээс

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-19 12:31:27

Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Гурвалжин уулын бичээс Булган аймгийн Гурванбулаг сумаас зүүн өмнө зүг 17 км-т Гурвалжин нэрт багахан шовх уулын бэлд, Тарнын голын баруун талд нэг мөр бичээс буйг судлаачид Гурвалжин уулын бичээс гэж нэрлэж иржээ.


Гурвалжин уулын бичээс нь 130х98 см хэмжээтэй саарал боржин чулуун дээр маш тодорхой, гаргацтай бичсэн, цохимол бичээс юм.


Нийтдээ 70 см урт бичээсийн эхний үсэг 7 см, төгсгөлийн үсэг 11 см өндөр бөгөөд 13 үсэг тэмдэгттэй, үсгийн зурлага бичлэгийн хэлбэр тогтсон, харьцангуй хичээнгүй, бичээсийн дээд талд хоёр тамга сийлсэн байдаг ажээ.


Эл бичгийн дурсгалыг анх мэргэн гүн Мөнх-Очирын Гомбожав гар хуулбар хийж Судар бичгийн хүрээлэнгийн захирал асан Жамсрангийн Цэвээнд өгсөн бөгөөд тэрбээр 1929 онд Оросын эрдэмтэн А.Н.Самойловичид энэ бичээсийн гар хуулбарыг илгээсэн байна.


А.Н.Самойлович  хуулбарыг “tehri qulп bitidim-Тэнгэрийн боол би бээр бичив” гэсэн утгатай болохыг тайлж 1934 онд хэвлүүлсэн ажээ.


Гурвалжин уулын бичээсийг 1968 онд эрдэмтэн Б.Ринчен, 1969 онд О.Намнандорж, 1975 онд түрэгч эрдэмтэн С.Г.Кляшторный нар  судлан гэрэл зургийг тус тус нийтлүүлсэн байна.


"Тэнгэрийн боол би бээр бичив" хэмээн орчуулсан энэхүү бичвэрийн "Тэнгэрийн боол" гэсэн хэллэгт эртний нүүдэлчдийн шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл тусгагдсан хэмээн судлаачид үздэг.


Гурвалжин уулын түрэг бичээсийн үсэг зурлагыг бусад бичээстэй харьцуулан үзээд он цагийн хувьд VIII зууны үеийнх гэдэгт судлаачид санал нийлдэг ажээ.





Related news