Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Төлбөрийн чадваргүйн улмаас санхүүгийн эрсдэлд орсон, татан буугдсан банканд байршиж байсан тусгай зориулалтын сан, төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ажлын явц, үр дүнгийн талаар ажлын хэсгийн ахлагч, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл танилцууллаа.
Тус ажлын хэсэг 22 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулж, хөрөнгө буцаан төвлөрүүлж, төрийг хохиролгүй болгох чиглэлээр авах арга хэмжээний санал боловсруулжээ. Танилцуулгатай холбогдуулан “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-аас “Хөтөл” ХХК-д олгосон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулах, “Хөтөл” ХХК -аас “Цемент шохой” ХХК-д оруулсан 275.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Цемент шохой” ХХК энгийн хувьцаа нэмж гарган “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д эзэмшүүлэх аж.
Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр төлбөрт хураагдсан
Шинэ яармаг хотхонд байрлах 924 м.кв талбай бүхий 2.9 тэрбум төгрөгийн
үнэлгээтэй үйлчилгээ, албан тасалгааны зориулалттай, дотор засал нь дуусаагүй барилга,
“Пирамид орд” ХХК-иас зээлийн өр төлбөрт санал болгосон, 648 м.кв талбайтай
хоёр давхар цэцэрлэгийн зориулалттай, 100 хүүхдийн хүчин чадалтай, 90 хувийн
гүйцэтгэлтэй барилгыг Боловсролын сайдын багцад суулган, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэжээ.
Ulaanbaatar