СЭЛЭНГЭ: Оны онцлох хүүхэд Э.Жаргал хур тунадсаар тэжээгдэх хөв цөөрөм байгуулах төсөл санаачилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-19 11:45:16

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын "Байгаль орчин, эрүүл аюулгүй орчин" төрлийн 2025 оны онцлох хүүхдээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагч Э.Жаргал тодорлоо.

 

Сурагч Э.Жаргал 2023 оноос эхлэн өнөөг хүртэл “Эко клуб”-ийн гишүүнд хамрагдаж бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож иржээ.


Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 48U 5971728, 48U 5544594 солбицолд “Уст Шаамарт” хэмээх газар 32м.куб бүхий хур тунадсаар тэжээгдэх хөв цөөрөм байгуулах төсөл хөтөлбөрийг боловсруулж, “Тужийн нарс” БЦГ руу илгээсэн нь амжилттай дэмжигдсэн байна.


Улмаар үүнийгээ хийж хэрэгжүүлснээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас “1 сум-1 нуур” уриалгыг хэрэгжүүлж, тухайн орчны бүсийн ан амьтдын аюулгүй байдлыг ханган ажиллах боломжийг бүрдүүлж чаджээ.


Мөн сурагч Э.Жаргал байгаль экологийн талаар илүү судалж анги хамт олон болон сургуулийнхаа сурагчдад мэдээлэл өгөхөөс гадна олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, хүүхэд багачуудад нөлөөлж чадсанаар Тужийн нарсны тусгай хамгаалалтай байгалийн цогцолборт газрын хамт олонтой хамтын ажиллагаатай болгож өгсөн байна.


Түүний энэхүү амжилтыг үнэлж 2025 оны “Оны онцлох хүүхэд”-ээр шалгаруулжээ.


33 дахь жилдээ болж буй “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах үйл ажиллагаа нь хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгой юм.

 

Энэ удаа үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд:

• Оюун ухаан

• Сурлага

• Урлаг, уран бүтээл

• Биеийн тамир, спорт

• Байгаль хамгаалал

• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч

• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн

• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд

• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга

• Багийн амжилт гэсэн 10 төрөлд шалгаруулсан байна.

 

Үндэсний хэмжээнд 1263 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 72 хүүхэд “2025 оны Онцлох хүүхэд”-ээр шалгарчээ.    

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан байна.

Related news