В.Путиний хэвлэлийн "их хурлын" үеэр 2,5 сая гаруй асуулт иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-20 13:36:17

МОСКВА, 2025 оны арванхоёрдугаар сарын 20 /РИА Новости/. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд Орос орон хэрхэн өөрчлөгдсөн, ирэх онд ямар үйл явдлууд тохиох талаар дөрвөн цаг гаруйн турш ярьж, жирийн орос иргэд, Оросын ба гадаадын сэтгүүлчдийн асуултуудад хариуллаа. Энэ талаар РИА Новости агентлагийн бэлтгэсэн 2025 оны үр дүнгийн талаарх тоймыг хүргэе.


Энэ удаагийн ярилцлагын хөтөлбөрт нийт 2,5 сая гаруй асуулт ирсэн нь өмнөх оныхоос олон байлаа. Кремлийн ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песковын ярьснаар, Ерөнхийлөгч В.Путин ярилцлагад бэлтгэн шөнө дөл хүртэл ажиллажээ.


Фронт дахь нөхцөл байдал


Цэргийн тусгай ажиллагааны бүс дэх нөхцөл байдлыг хэлэлцсэнээр ярилцлага эхэллээ. В.Путин хэлэхдээ, зэвсэгт мөргөлдөөний уг шалтгаан бол Украинд 2014 онд гарсан төрийн эргэлт гэдгийг сануулаад, Москвагийн зүгээс цус урсгахыг зогсоохоор хэдэнтээ оролдсон, тухайлбал, Минскийн гэрээний дагуу үүнийг хийх гэж оролдсоныг дурдав.


Донецкийн БНУ, Луганскийн БНУ нацистуудын дарамт дор амьдрахыг хүсээгүй, хүмүүст тайван амьдрах боломж олгохын тулд Орос улс 2022 онд эдгээр БНУ-ыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрснээ Украинд анхааруулж байсан, гэвч энэ үүнийг сонсоогүй” хэмээн В.Путин тэмдэглэн хэллээ.


Төрийн тэргүүн цааш нь ярихдаа, Москвагийн зүгээс мөргөлдөөнийг энхийн арга замаар зохицуулахыг хүсэж байна, харин Киев үүнээс татгалзаж, нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэх хүсэлгүй байна гэв.


“Өөр Украин” хөдөлгөөний төлөөлөгч эмэгтэй “сонгууль явуулахын тулд Украинд олон улсын түр удирдлагыг ажиллуулъя гэсэн санааг Оросын тал дэмжиж байна уу? гэсэн асуултыг тавилаа. В.Путин үүнд хариулахдаа “санал хураалтын үеэр Украинд аюулгүй байдлыг хангах тал дээр Москва бодож үзэхэд бэлэн байна. Харин Киевийн дэглэм сонгуулийг ашиглан Оросын цэргийг саатуулах гэж байгаа бол үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.


Ерөнхийлөгч фронт дахь нөхцөл байдлын талаар нарийвчлан ярилаа. Украины зэвсэгт хүчний хувьд, Славянск, Краматорск, Константиновка хотууд гол бэхлэлтийн районууд хэвээр байна. Красноармейскийн районд Оросын цэрэг амжилттай довтолсон бөгөөд Украины арми энэ чухал түшиц газрыг эргүүлэн авахаар оролдсоор байгаа боловч ихээхэн хохирол амсчээ. Зэргэлдээх Димитров хот бүслэгдсэн бөгөөд Оросын цэрэг хотын тал хэсгийг хяналтдаа авсан байна.  Түүнчлэн Северск хот болон Гуляйполь, Красный Лиман хотуудын багагүй хэсгийг чөлөөлөөд байгааг Ерөнхийлөгч дурдлаа.


Эдийн засгийн байдал


Цэргийн тусгай ажиллагаа явагдаж буй энэ үед нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал бол маш чухал сэдэв юм. Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхийлөгч В.Путин хэд хэдэн гол тоон үзүүлэлтүүдийг дурдлаа. Түүний хэлснээр, Оросын ДНБ 1 хувиар өссөн ба сүүлийн гурван жилд 9,7 хувиар нэмэгджээ. Харьцуулахад, Европт энэ үзүүлэлт 3,2 хувьтай байна. Инфляцийн түвшин 7 хувиас хэтрээгүй бөгөөд бодит цалин нэмэгдсээр байна. Инфляцийг хасаж тооцоход бодитойгоор 4,5 хувиар өсжээ.


Ажилгүйдэл хамгийн доод түвшинд буюу 2,2 хувьтай байгаа бол ирэх оны төсвийн алдагдал 1,6 хувиас хэтрэхгүй төлөвтэй байна. Өндөр хөгжилтэй улсуудтай харьцуулахад ОХУ-ын улсын өр хамгийн бага байгаа юм.


Үүний сацуу төсвийн тэнцлийг хангахын тулд НӨАТ-ыг нэмэгдүүлж байгаа хэмээн В.Путин тайлбарлалаа.


Европын Холбооны орнуудад царцаагдсан Оросын хөрөнгийн тухайд тэрбээр хэлэхдээ, Европын хүнд сурталтнууд Оросоос хулгай хийх бус түүнийг шуудхан дээрэмдэх гэж оролдож байна гэв. “Хулгай гэдэг бол хүний хөрөнгийг нууцаар авахыг хэлнэ, харин одоо Оросын хөрөнгийг улайм цайм дээрэмдэх гэж байна” хэмээн Ерөнхийлөгч хэллээ.


Орос улс ба дэлхий дахин


Сербийн сэтгүүлч Желько Шайн асуулт тавихдаа “Орос-Сербийн хамтарсан NIS компанид “Газпром нефть” компани 3 тэрбум гаруй долларын хөрөнгө оруулсан, гэтэл Барууны хоригоос шалтгаалан Сербид хамгийн их татвар төлдөг компани хохирч байна” гэлээ. В.Путин үүндээ хариулахдаа, Белград авсан үүрэг амлалтаа зөрчихгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.  


Мөн Хятадын сэтгүүлч Москва-Бээжингийн харилцааны талаар асуулаа. Орос-Хятадын харилцаа бол дэлхий дахинд тогтвортой байдлыг хангах бодит хүчин зүйл гэдгийг В.Путин дурдаад, хоёр улсын өндөр технологийн болон цэргийн салбар дахь хамтын ажиллагааг онцлон тэмдэглэлээ. Тэрбээр хэлэхдээ “Ши Жиньпин бол найдвартай анд нөхөр, тогтвортой түнш” гэв.


Америкийн телевизийн NBC сувгийн сэтгүүлч Кир Симмонс Оросын Ерөнхийлөгчид хандан “хэрвээ Кремль Трампын энхийн санаачилгыг няцаавал, ирэх онд та өөрийгөө Украинд болж буй үйл явдалд хариуцлага хүлээх ёстой үзэх үү?” гэсэн асуултыг тавив. Хариуд нь В.Путин хэлэхдээ “энэ дайныг Орос улс эхлүүлээгүй ээ, гэхдээ мөргөлдөөнийг зохицуулахын төлөөх Трампын хүчин чармайлтыг бид дэмжиж байгаа, Анкориж хотод болсон уулзалтын үеэр Вашингтоны дэвшүүлсэн саналыг Москва үндсэнд нь зөвшөөрсөн, одоо бөмбөг манай Барууны түншүүдийн талбайд байна” гэлээ.


Оросын тал бүх маргаантай асуудлыг яриа хэлэлцээний замаар зохицуулахыг эрмэлздэг. Барууныхан бидэнд өгсөн амлалтаа биелүүлэхийг л шаардаж байна гэж В.Путин хэлээд, НАТО-гийн орнууд эвслээ дорно зүгт тэлэхгүй хэмээн Москваг хууран мэхэлсэн гэдгийг санууллаа. 

Related news