ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 6-р хорооны айл өрхүүд цэвэр бохирын шугамд холбогдох боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 6 дугаар багийг төвлөрсөн дулаан, цэвэр ус, бохир усны шугам сүлжээнд холбох инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил ашиглалтад орлоо.
Мөрөн сумын 6 дугаар багийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор дулаан дамжуулах төв, төвлөрсөн цэвэр ус, бохир усны шугам сүлжээ бүхий инженерийн дэд бүтцийн ажлыг улсын төсвийн 22.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, бүрэн ашиглалтад орууллаа.
Тус бүтээн байгуулалтын ажлыг “Санжат” ХХК гүйцэтгэж, үр дүнд нь айл өрхүүд төвлөрсөн дулаан, цэвэр ус, бохир усны шугамд холбогдох боломж бүрдэж, иргэд эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах бодит нөхцөл хангагдаж байна.
Мөрөн сумын 6 дугаар багийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд ирэх оны 5 дугаар сараас эхлэн ашиглагч байгууллага болох “Хөвсгөл дулааны станц” ТӨХК болон “Хөвсгөл Ус суваг” ХХК-аас техникийн нөхцөл авч, хашааны гадна байрлах дулаан, цэвэр ус, бохир усны худгаас өөрийн эзэмшлийн талбай руу шугам татан холбогдох боломжтой юм.

Бүтээн байгуулалтын нээлтийн арга
хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн Засаг даргын орлогч
Ц.Гансүх болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ulaanbaatar