СҮХБААТАР: Үндэсний сурын холбоо шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-22 16:57:21

Баруун-Урт 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын үндэсний харваачдын холбоо /МҮХХ/-ны 2025 оны шилдгээр Сүхбаатар аймгийн Үндэсний сурын холбоо шалгарлаа. Тус холбоо нь энэ онд аймаг, орон нутагтаа их, бага  нийт 56 тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байна.



Мөн МҮХХолбооноос зохион байгуулсан бүх төрлийн тэмцээнд давхардсан тоогоор 300 гаруй харваачаа оролцуулсан байна. Үүнээс томоохон улсын чанартай тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон харваачдын амжилтыг дурдвал:

- Улсын Аварга шалгаруулах тэмцээнд Аймгийн мэргэн, СМ Д. Баттуяа Тэргүүн байр, Аймгийн гарамгай харваач,СМ А. Анхбаяр 3-р байр, багийн нийлбэр дүнгээр 3-р байр,

- Улсын их баяр наадамд Монгол улсын мэргэн Л. Одсайхан дэд байр эзэлсэн.

- “Хүрээ цам-Даншиг наадам 2025”-д Аймгийн гарамгай харваач, СМ А. Анхбаяр Дэд байр, Монгол улсын мэргэн Л.Одсайхан 9-р байранд шалгарчээ.


Цол зэргийн тухайд 2025 онд аймгийн мэргэн 2, аймгийн гарамгай 3, аймгийн гоц болон аймгийн бусад цолтон 4, спортын мастер 12, спортын дэд мастер 6 шинээр төрөн гарсан байна.



Харин аймаг, орон нутагтаа зохион байгуулсан тэмцээний тухайд, Монголын үндэсний уламжлалт өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурын хөгжилд хувь нэмэр оруулах, Монгол Улсын мэргэн цолтой харваачдын ур чадвар, авхаалж самбаа, чансааг сорин уралдуулах замаар, Үндэсний сурын уламжлалыг шинэ үеийн харваачдад үлгэрлэн таниулах, мэргэн цолтнуудын ур чадварыг үнэлэн харьцуулах, Харваачдын хоорондын нөхөрлөл, эв нэгдлийг бэхжүүлэх, аймаг, улсын хэмжээнд сурын спортын чансаа, сонирхлыг нэмэгдүүлэх, үндэсний соёл, спортын үнэ цэнэ, өв уламжлалыг түгээн сурталчлах нь үндсэн зорилготой “Мэргэн цом – 2025” тэмцээнийг 2 дах жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Дархан мэргэн 3, Даяар дуурсан 1, Даяан мэргэн 6, Улсын мэргэн 11, Хүндэт мэргэн 1, Нийт төрийн наадмын 40 түрүү харваач оролцжээ. Тус тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.


Аймгийн Үндэсний сурын холбоо нь харваачдын тоог нэмэгдүүлэх, бэлтгэл хийх нөхцөлийг сайжруулах, харваачдыг амжилтыг ахиулах чиглэлээр 13 сумын их сурын холбоодын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, идэвхжүүлэх тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулдаг байна. Мөн өсвөрийн харваачдыг бэлтгэх зорилготой заалны болон гадна талбайн бэлтгэлийг Монгол Улсын мэргэн Л.Одсайхан удирдан явуулж байна.



2024 оноос эхлэн аймгийн харваачдын чансаа, улсын тэмцээнд өрсөлдөхүйц байдлыг ахиулах зорилгоор Монгол улсын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.


Түүхийг сөхвөл Сүхбаатар аймгийн үндэсний сурын холбоо нь 1976 оны баяр наадмаар нум сум харвуулж анхныхаа гарааг эхлсэн ба тухайн үед М.Пүрэв, н.Гомбо, Н.Батбилэг Н.Гомбожав, о.Улаанхүү н.Нямсүрэн, н.Цэрэндулам нарын тэргүүтэй харваачид үндэсний сурын товчоог байгуулан бэлтгэл сургуулилтаа эхлүүлж сурын холбоо үүссэн байна. Энэ цагаас хойш 1992-1994 онд Ц. Дамдинсүрэн, 1994-2017 онуудад Ц. Мөнхбаяр, 2017-2018 онд Д. Ганзориг, 2018 оноос Э. Сансартайван нь тэргүүнээр ажиллаж байна.

Related news