УВС: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 113269 ширхэг мод, бут, сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-12-24 11:39:10

Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн хэмжээнд нийт 113269 ширхэг мод, бут, сөөгийг давхардсан тоогоор 245 аж ахуйн нэгж байгууллага, 5404 иргэн тарьж ургуулаад байна.


Энэ хүрээнд Увс аймаг "Хоёр живаа харгаа" хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-аар батлуулсан бөгөөд 2030 он гэхэд 20 сая мод тарихаар төлөвлөсөн юм. Үүнээс 2025 оны байдлаар зорилтын гүйцэтгэл 36 хувьтай байна.

 

Цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр тариалангийн талбайн хамгаалалтын зурвас, голын татмын ойжуулалт, авто замын хамгаалалтын зурвас, баянбүрд нөхөн сэргээх зурвасуудад ихэвчлэн мод тарьж байгаа юм.

 

Өмнөговь, Өлгий, Зүүнговь, Улаангом, Тариалан, Давст, Наранбулаг, Хяргас, Сагил зэрэг суманд 27553 ширхэг мод, бут, сөөгийг доройтсон ойг нөхөн сэргээхээр тарьсан бол Өндөрхангай, Малчин, Зүүнхангай сумдад 2800 ш мод, бут, сөөг тарьжээ.

 

Тэрчлэн хот суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхээр 19 суманд нийтдээ 61496 ш мод, бут сөөг, агро ойн аж ахуйг хөгжүүлэхээр жимс жимсгэний мод, бутыг Улаангом, Тариалан, Түргэн, Өлгий, Зүүнхангай сумдад 21420 ширхэг тарьж, арчлан ургуулж байна. 2025 онд аймгийн хэмжээнд нийтдээ 20 мянга орчим мод, бут, сөөг тарьжээ.

 

Related news