ХОВД: Бий биелгээг түгээн дэлгэрүүлэхэд залуу үеийнхний оролцоо чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний бүжгийн өв болох бий биелгээг суралцаж буй бяцхан уран бүтээлч А.Наранцолмон 2025 онд Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарсан юм.
Түүний амжилт үндэсний өв соёлоо хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлахад залуу үеийнхний оролцоо чухал болохыг харуулж байна.
Захчин бий биелгээний өвлөн уламжлагч А.Наранцолмон Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 3б ангид суралцдаг.
Анх эмээгээ бий биелгээ хийхийг харж, сонирхож, эцэг эхдээ хэлснээр таван настай байхдаа ахмад өвлөн уламжлагч Б.Бадамцэцэг багшийн шавь болжээ. Улмаар Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг тогтворжуулах төсөлд хамрагдаж, захчин угсаатны 13 төрлийн бий биелгээ сурсан байна.
Алтан өв, Тонжоо гэх мэт бий биелгээний наадам, олон улсын бүжгийн тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, бяцхан өвлөн уламжлагчдыг манлайлж байгаагаараа онцлогтой.
А.Наранцолмон: “Би оны онцлох хүүхэд шагнал авсандаа маш их баяртай байна. Шагнал авах үед өөрийнхөө болон сумынхаа нэрийг хэлүүлээд явах гоё байсан. Монгол оронд захчин угсаатан болж төрсөндөө бахархсан. Аяга (ааг)-тай бий биелгээний хөдөлгөөн хамгийн их таалагддаг. Бэлтгэл хийхэд, хэцүү асуудал тулгарахад эцэг, эх, багш маань тусалж дэмждэг. Бий биелгээ надад тэвчээртэй байхыг, өв соёлоо дээдлэхийг зааж өгсөн. Миний дараагийн зорилго бол улам их хичээгээд бий биелгээг түгээн дэлгэрүүлэх. Цаашид бий биелгээ сурах хүсэлтэй хүүхдүүд илүү нэмэгдээсэй, дэлхийд алдартай олон бий биелээч тодроосой гэж хүсэж байна”.

Ахмад өвлөн уламжлагч, багш Б.Бадамцэцэг: “Би гурван настайгаасаа эхлэн аавыгаа дуурайн биелж, түүнээс хойш 50 гаруй жил бий биелгээг түгээн дэлгэрүүлэх ажилд оролцож байна. Одоо 700 гаруй шавьтай. Захчин угсаатны бий биелгээний өвийн уламжлалт хэв шинжийг хадгалах, өвлүүлэхийг чухалчилдаг. Захчин биелгээний онцлох тал нь дал цохих. Мөн толгой хөдлөхгүй, хөл солбиж тавих гэх мэтээр биелдэг. Бяцхан шавь А.Наранцолмон маань оны онцлох хүүхэд болсонд маш их баярлаж, бахархаж байна”.
Ховд аймагт 1000 орчим өвлөн уламжлагч бий. Тэдний тодорхой хувийг хүүхдүүд эзэлж байна.
Ийнхүү үндэсний өв соёлоо өвлөн уламжилж буй
авьяаслаг хүүхдүүдийн амжилт олон хүнд урам зориг өгсөөр байгаа юм.