ХОВД: Шатрын спортоор 1000 гаруй хүүхэд хичээллэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-12-23 17:10:14

Жаргалант, 2025 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт шатрын спортыг хөгжүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох олон ажил өрнөж байна.

 

Тус аймагт одоогийн байдлаар 32 шатрын клуб, дугуйлан ажиллаж байна.


Өөрөөр хэлбэл, эрчимтэй, тогтмол үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй долоон клуб байгаа юм. Мөн 25 ерөнхий боловсролын сургуульд шатрын сонгон дугуйлан ажиллаж буй.   

 

Үүнд 1000 гаруй өсвөрийн шатарчин тогтмол хичээллэж байна. Мөн сум бүрд 10-20 насанд хүрэгч шатрын спортыг сонирхон хичээллэж, тэмцээнд оролцдог аж. 

 

Энэ онд шатрын холбооноос 20 орчим тэмцээнийг орон нутагт зохион байгуулжээ. Мөн орон нутгийн тамирчид улс, бүсийн чанартай 10 гаруй тэмцээнд оролцож, амжилтаа ахиулсан байна.

 

Онцлоход энэ онд Ховд аймгийн “Мянган хожил” шатрын клуб орон нутгийн шилдэг клубээр тодорч, “Алтан бэрс” шагналыг гардан авлаа. Тус клубт одоогоор 50 орчим хүүхэд шатрын спортоор хичээллэж байна. “Мянган хожил” клуб 2018 оноос хойш 700 орчим хүүхдийг шатрын анхан болон дунд, ахисан шатны сургалтад хамруулж бэлтгэсэн байна. 

 

Ирэх онд аймгийн Засаг даргын дэргэд шатарчдын шигшээ баг байгуулахаар төлөвлөж байна. Мөн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг насны ангилал бүрд үе шаттай зохион байгуулах юм.   

 

Related news