Монгол-Солонгос орны түншлэл бүхий л салбарт бодит үр дүнгээр баяжиж байгааг тэмдэглэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхим, Солонгос судлалын салбараас зохион байгуулсан “Шинэ шатанд ахисан Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний форум Улаанбаатар хотноо энэ сарын 24-нд боллоо.

Нээлтийн үеэр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягийн илгээлтийг зөвлөх Г.Ганболд уншиж танилцуулсан юм. Илгээлтэд, “Монгол Улсын төр, Засгийн газар БНСУ-ыг манай улсын “гуравдагч хөрш”, итгэлт түнш хэмээн дотночлон үзэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж ирсэн. Харилцан итгэлцэл, ардчилал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлст тулгуурласан бидний харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрч хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан билээ. БНСУ нь манай улсын худалдааны 5 дахь, хөрөнгө оруулалтын 10 дахь том түнш орон болсон нь хоёр улсын харилцааны цар хүрээ, бодит үр дүнг илтгэж байна. Бидний хамтын ажиллагаа эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, дэд бүтэц, байгаль орчин, аялал жуулчлалын салбарт амжилттай хөгжиж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний сөрөг үр дагавруудыг даван туулах, гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдлын байгууллагын болон тэнд ажиллагсдын чадавхыг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хотын хөгжлийн төлөвлөлт, эрчим хүч, нийтийн тээврийн хэвийн үйл ажиллагааг хангах зэрэг олон шинэ салбарт өргөжиж байна” хэмээжээ.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон тус үеэр хэлсэн үгэндээ, “Газар зүйн хувьд ойр төдийгүй түүхэн хэлхээ холбоо, хэл соёлын ижил төстэй байдал нь хоёр улсын ард түмний хооронд үгээр илэрхийлэхийн аргагүй найрсаг дотно харилцааны үндсийг бий болгосон билээ. Өнгөрсөн 35 жилд тасралтгүй өргөжин тэлж ирсэн хоёр улсын иргэд хороодын солилцоо нь хоёр талын найрсаг харилцааны түшиг тулгуур болсоор байна. Хоёр тал найрсаг харилцаагаа цаашид улам бүр нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэр дундаа аялал жуулчлал, эрүүл мэнд, бизнес, хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарт илүү идэвхтэй хамтыг ажиллагааг өрнүүлэх ёстой. Миний хувьд Солонгос-Монгол улсын хооронд стратегийн билэг тэмдэг болохуйц томоохон төслийг олж нээн, хамтран хэрэгжүүлэх цаг нь болсон гэж бодож байна. Хоёр улсын хооронд байгуулах эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, дэд бүтэц, ойжуулалт зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Солонгос-Монголын найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэх үйлсэд ЭСЯ-наас бүхий л талаар хичээн ажиллах болно” гэлээ.

"Хоёр улсын харилцаанд боловсрол, шинжлэх ухааны салбар онцгой байр суурь эзэлж ирсний нэг тод жишээ нь Монгол Улсын Их Сургууль юм" гэж тус сургуулийн ректор Б.Очирхуяг онцоллоо. Тэрбээр, 1991 онд МУИС-д Солонгос хэл, солонгос судлалын тэнхимийг байгуулснаар Монгол Улсад солонгос судлалын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх суурийг тавьсан. Өнөөдрийн байдлаар, манай сургууль БНСУ-ын 47 их дээд сургууль, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн МУИС-ийн Сэжун төвийн үйл ажиллагаа нь Монгол-Солонгосын боловсрол, соёлын хамтын ажиллагааг институцын түвшинд бэхжүүлж буйн жишээ юм. Мөн KOICA, ARC зэрэг БНСУ-ын төрийн болон судалгааны байгууллагуудын дэмжлэгтэй хэрэгжиж буй төсөл хөтөлбөр нь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, бодлого, судалгааны солилцоог өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ. Хоёр орны харилцаа 2021 онд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн нь бидний хамтын ажиллагаа шинэ агуулга, илүү өргөн цар хүрээтэй болсон юм. Эдүгээ энэхүү түншлэл нь улс төр, эдийн засаг төдийгүй боловсрол, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэгийн салбарт бодит үр дүнгээр баяжигдаж байна” хэмээн тэмдэглэв.

Пэктусан нийгэмлэгийн тэргүүн, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх Ж.Ломбо, “Анх 1990 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоон, 1991 онд Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-ыг нээхэд би анхны хэргийг түр хамаарагчаар очиж байлаа. Тэр цагаас хойш 35 жил өнгөрч, түүхийн гэрч болсондоо баяртай явдаг. 1991 онд монгол хүн анх удаа Солонгос Улс руу зорчиж байсан бол өнөөдөр хоёр орны харилцаа бүхий л салбартаа өргөжин хөгжиж, 60 мянга гаруй иргэн тус улсад ажиллаж амьдарч байна. Мөн сайн хөршийн харилцаанаас Иж бүрэн түншлэлийн харилцаанд шилжлээ. Худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж, 520 сая ам.долларт хүрсэн байна. Өндөр, дээд хэмжээний айлчлал олон удаа хэрэгжиж, хоёр орны харилцааны үндсийг бататгасан гэрээ хэлэлцээрүүдийг байгууллаа. Монголын 20 мянга гаруй хүүхэд залуу Солонгосын их дээд сургуулиудад сурсан байна. Өдгөө 8 мянган хүүхэд сурч байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд 300 мянга гаруй монгол иргэн тус улсын бүтээн байгуулалтад оролцож, амь амьжиргаагаа дээшлүүлжээ. Солонгосын хөрөнгө оруулалт их хэмжээгээр нэмэгдэж, эхний 5 дугаар байрт орж иржээ. Цаашид Монголын байгалийн баялагийг Солонгосын тэргүүний техник, техник технологитой хослуулан, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлж, бүс нутгийн хэмжээнд хүргэх боломж бий" гэсэн бодолтой явдгаа хэллээ.
Форумын хүрээнд ахмад дипломатч Ж.Ломбо, хүү Л.Хаш-Эрдэнэ нарын бичсэн “Монгол Улс, БНСУ-ын харилцаа-35 жил” номын нээлт болов.




Ulaanbaatar