Дундговь аймагт англи хэлний сургалтыг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-01-28 11:31:07

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Английн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан үйл ажиллагааг Дундговь аймагт өчигдөр зохион байгууллаа.


Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлснээр, тус үйл ажиллагаанд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Фиона Блайт, НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөгч Эваристе Коаусси-Комлан нар оролцжээ. 


Энэ үеэр англи хэлний сургалтын өнөөгийн байдал, багш нарын мэргэжлийн хөгжил, орон нутгийн сургалтын орчинтой танилцсан байна. Мөн Дэлгэрцогт сумын ерөнхий боловсролын сургууль, Сайнцагаан сумын Цэгц билиг сургуульд зочилж, сургуулийн удирдлагатай уулзаж, англи хэлний сургалтын зохион байгуулалт, орчин, багш нарын санал хүсэлтийг сонсжээ. Англи хэлний хичээлийн үйл ажиллагаанд ажиглалт хийж, англи хэлний клубын сурагчидтай уулзан, сурагчдын хэл сурах идэвх, оролцооны талаар ярилцав.


Түүнчлэн аймгийн англи хэлний багш нартай уулзалт зохион байгуулж, “Алсалан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх нь” төслийн II үе шатны хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.


Энэхүү үйл ажиллагаа нь Дундговь аймагт англи хэлний сургалтыг хөгжүүлэх, багш нарын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Related news