ГОВЬ-АЛТАЙ: “Засагт ханы тэмээчин” гэрэл зургийн уралдаанд оролцохыг урилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас “Засагт ханы тэмээчин” гэрэл зургийн уралдаанд идэвхтэй оролцохыг урилаа.
Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын “2024–2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”, “Тэмээн сүргийг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд тэмээчдийн зөвлөгөөн, бага наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа билээ.
Энэхүү бага наадмын хүрээнд Говь-Алтай аймгийн хэмжээнд “Засагт ханы тэмээчин” гэрэл зургийн уралдааныг зохион байгуулах аж. Ингэхдээ оролцогчид тэмээтэй авхуулсан дурсамжит зургаа Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын фэйсбүүк (https://www.facebook.com/share/1G7sUyYtLz/?mibextid=wwXIfr) хуудсанд зургаа илгээн оролцох боломжтой юм.
Зургийг ирсэн дарааллын дагуу дээрх цахим хуудсанд нийтлэх бөгөөд хоёрдугаар сарын 5-ны 12:00 цаг хүртэлх хандалт (like, comment, share)-аар эхний 3 байр шалгаруулах тухай ЗДТГ-аас мэдээллээ. Оролцогчдыг зургаа илгээхдээ өөрийн харьяа сум, овог нэрээ зургийн хамт ирүүлэхийг анхааруулав.
Ташрамд, өнөө жилийн тэмээчдийн бага наадам “Засагт хан-2026” нэрийн дор Төхөм тунгалангийн тэмээгээрээ алдартай Төгрөг суманд нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 1-нд болох юм.