ГОВЬ-АЛТАЙ: Өв соёлоо тээж яваа тэмээчин жинчдээ эргэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат “Засагт хан-2026” тэмээчдийн бага наадмыг зорин яваа “Гүл шарын дуун” баримтат кино багийнхан болон нутгийн жин тээж буй залуустай уулзжээ.
Аймгийн Засаг дарга Г.Чинбатын санаачилгаар үндэсний өв соёл, нүүдлийн соёл иргэншил, жин тээх уламжлалыг сэргээх, соёлын биет бус өвийг хойч үед өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлэх, мөн үндэсний ёс заншил, зан үйлээрээ бахархах ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор “Гүл шарын дуун” баримтат киног бүтээж байна.
Зохиолч Б.Наминчимэд ахлагчтай кино багийнхан, нутгийн жинчид болон тэмээн жингийн цуваа Захуй зармангийн говийн Ээж хайрхны өврөөс Төхөм тунгалгийн говь дахь Төгрөг сумын төвийг зорин жин тээж явна. Тэд Төгрөг суманд “Тэмээ өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй “Засагт хан-2026” тэмээчдийн зөвлөгөөн, бага наадамд оролцох юм.
Тус аймгийн Засаг дарга Г.Чинбат жинчдийн отгоор зочилж, аян замын сонин хачин, ёс заншил, домог түүхийг нь сонсон, тэдний нөхцөл байдалтай танилцжээ.
Жингийн цуваа өдгөө Сухантын усны адагт хүрч ирсэн бөгөөд аймгийн Засаг дарга Г.Чинбат жинчдийг угтан авч, өв соёлоо тээж, үлгэр жишээ болон яваа тэмээчин жинчдэд талархал илэрхийллээ.
Сонирхуулахад, Говь-Алтай аймаг 2025 онд 51,300 тэмээ тоолуулж, улсын хэмжээнд дөрөвдүгээр байрт шалгарчээ.