ГОВЬ-АЛТАЙ: “Цодгор хүү-2026” тэмцээнд 140 гаруй шатарчин оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-31 13:35:54

Есөнбулаг, 2026 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. “Цодгор хүү-2026” өсвөрийн шатарчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 140 гаруй шатарчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж байна. 


Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг дэмжих зорилгоор аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас энэхүү тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.


Тэгвэл энэ жил Есөнбулаг сумын Засаг даргын 2024-2028 оны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамир, спортын олон төрөлт үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар, Есөнбулаг сумын ЗДТГ хамтран тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнийг Есөнбулаг сумын Засаг дарга, Алтай хотын захирагч Н.Золжаргалын ивээл дор зохион байгуулж, шатрын спортыг сонирхдог, авьяаслаг 5, 7, 9, 11 насны охид, хөвгүүдийг хамруулж байна. Тэмцээн хоёр хоног үргэлжилнэ.

Related news