ГОВЬ-АЛТАЙ: “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийн нээлт Говь-Алтай аймгийн Алтай суманд боллоо.
Монгол дахь Хүүхдийг ивээх сан Хонконгийн Хүүхдийг ивээх сангийн санхүүжилтээр “Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төсөл 2026-2028 онд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Чингэлтэй дүүрэг болон Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 18 сургууль, 18 хамтарсан багт хэрэгжих юм.
Төслийн зорилтот бүлэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд, хүүхэд хамгаалал, боловсролын салбарын мэргэжилтнүүд, хамтарсан багийн гишүүд, 6-12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, орон нутгийн төрийн байгууллагуудын ажилтнууд байх тухай Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас танилцууллаа.
Энэ төсөл нь Хүүхдийг ивээх сангаас боловсруулсан хүүхэд хамгааллын арга зүй, хөтөлбөрүүдийг холбогдох яам, агентлагуудаар албан ёсоор баталгаажуулж, түгээн дэлгэрүүлэх замаар боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын механизмын тогтвортой, үр дүнтэй хэрэгжилтийг ханган бэхжүүлэхэд чиглэж байна.
Мөн хүүхдийн эрхийн зөрчил түүн дотроо үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг багш, сурагчдад эзэмшүүлэх юм. Түүнчлэн сургууль, дүүрэг, орон нутгийн түвшний үүрэг хүлээгчдэд сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээг хүүхдэд үзүүлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах мэдлэг, ур чадвар олгох зорилттой.
“Суралцахад ээлтэй, хүртээмжтэй сургууль” төслийг Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, дүүрэг, сумдын ЗДТГ хамтран хэрэгжүүлнэ.