ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдүүдэд өв соёлын сургалт явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хүүхдүүдэд уламжлалт тоглоом, наадгайг таниулан өвлүүлэх “Монгол өв соёл” сургалтыг зохион байгуулж байна.
Монгол үндэсний хувцас, уламжлалт ёс заншил, ахуй соёл, тоглоом наадгайг хойч үедээ таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах, бахархал болгон хөгжүүлэх, өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор Насан туршийн суралцахуйн төв, “Жангар” музейтэй хамтран өрнүүлж байгаа юм.

Хоёрдугаар сарын 3-нд Есөнбулаг сумын IX цэцэрлэгийн Э.Нарантунгалаг багштай "Ахлах" бүлгийн хүүхдүүдэд "Шагайн наадгай" сэдвийн дор амжилттай явуулжээ.
Монголын тоглоом наадгайг өдөр тутмын хэрэглээ, дадал болоход эцэг эхчүүдийн оролцоо тун чухал. Энэхүү үйл ажиллагаа Ерөнхий боловсролын сургуулиудад долоо хоног үргэлжилнэ хэмээн “Жангар” музейгээс мэдээллээ.