ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 43.3 хувь нь зудын хүндрэлгүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-02-04 16:19:11

Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зудын урьдчилсан мэдээгээр Говь-Алтай аймгийн нийт нутгийн 0.5 хувь нь нэн их, 3.4 хувь нь их эрсдэлтэй, 26.2 хувь нь дунд зэргийн эрсдэлтэй, 26.6 хувь нь эрсдэл багатай 43.3 хувь нь хүндрэлгүй гарсан байна.


Тодруулбал, нэгдүгээр сарын 31-ний байдлаар тус аймгийн ихэнх нутгаар цаг агаар тогтвортой 25 хувьд нь цасан бүрхүүл тогтсон байна. Цаашид цасны зузаан нэмэгдэж, хүйтний эрчид өөрчлөлт орох үед бодит нөхцөл болон нарийвчлан боловсруулсан цаг агаарын урьдчилсан мэдээгээр уг үнэлгээг 10 хоногоос сарын хугацаанд шинэчлэн боловсруулж мэдээлэх тухай цаг уурын байгууллагаас танилцууллаа. 


Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ буюу ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулалт, цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн сарын урьдчилгаатайгаар тооцоолон гаргажээ.

Related news