ГОВЬ-АЛТАЙ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн хамтын оролцоо чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Аймаг, сумдын Гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ:

-“Өнөөдрийн нийгмийн нөхцөл байдалд гэмт хэрэг, зөрчил, шалтгаан, хэлбэр, эрсдэлийн хувьд улам нарийн, олон талт болж байна. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь зөвхөн цагдаа, хууль хяналтын байгууллагын үүрэг биш, харин төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн хамтын оролцоонд тулгуурласан цогц бодлого, үйл ажиллагаа байх шаардлагатай болсон.
Энэ ч утгаараа салбар зөвлөл нь байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, бодлого, төлөвлөлтийг нэг чиглэлд зангидах, орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд суурилсан шийдлийг хэрэгжүүлэх чухал үүрэгтэй бүтэц юм” хэмээн тэмдэглэн хэлэв.
Сургалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, хууль эрх зүйн орчин, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар зөвлөлийн гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож байна. Энэхүү сургалт нь орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.