ГОВЬ-АЛТАЙ: Шататын бэлчирийн цогцолбор дурсгал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Шататын бэлчирийн цогцолбор дурсгалд ойролцоогоор 25 булш, хиргисүүр, 3 буган чулуун хөшөө, тахилын онгон, 14 хөшөө чулуу, 2 хүн чулуун хөшөө бий
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Алтансоёмбо багийн нутагт оршдог Шататын бэлчирийн цогцолбор дурсгалт газрыг Засгийн газрын тогтоолоор Улсын хамгаалалтад авсан байдаг.
Уг хүн чулууг цайвар шаргал өнгийн боржин чулууны нэг өргөн талыг тэгшлэн засаад, дээд хэсэгт хүний царайг товгороор хөвөөлөн бусад хэсгээс тусгаарлаад түүн дотор, хоёр дугуй нүд, урт өргөн хамар, зузаан уруул зэргийг мөн товойлгон дүрсэлжээ. Хамрын хоёр нүх болон нүдний ухархай орчимд тус тус дөрвөн хонхорхой байх бөгөөд хүн чулууны хоёр хажуу болон ар талыг засаж янзлаагүй байна. Орой хэсэг эмтэрч унасан байдалтай бөгөөд хүний нүүрний дүрслэл он цагийн уртад ихээр бүдгэрч мэдэгдэх төдий болжээ. Хөшөөний нүүрийг азимутын 170 хэмд хандуулсан, газраас цухуйх өндөр 62 см, өргөн 40 см, зузаан 23 см, нүүрний өндөр 36 см, өргөн 26 см, хамрын өргөн 7 см хэмжээтэй.
Нийт 25 орчим булш, хиргисүүр, 3 буган чулуун хөшөө, тахилын онгон, 14 хөшөө чулуу, 2 хүн чулуун хөшөө байдаг. Энэхүү цогцолбор дурсгал Тонхил сумын төвөөс 80 км, Улаанбаатар хотоос 1300 км орчим зайд оршдог.