ГОВЬ-АЛТАЙ: Эртний уламжлалт “Хорол” тоглоомыг таниуллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2026 оны хоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх боловсрол болон Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудад уламжлалт тоглоом наадгайг таниулан өвлүүлөх "Монгол өв соёл" сургалт үргэлжилж байна.
Насан туршийн суралцахуйн төв, “Жангар” музей монгол үндэсний хувцас, уламжлалт ёс заншил, ахуй соёл, тоглоом наадгайг ирээдүй хойчид таниулан сурталчлах, өвлүүлэн уламжлуулах, өдөр тутмын хэрэглээнд дэлгэрүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна.
Монголын тоглоом наадгайг өдөр тутмын хэрэглээ, дадал болгоход эцэг эхчүүдийн оролцоо тун чухал юм. Энэхүү үйл ажиллагаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд багачуудын дунд долоо хоногийн турш үргэлжилнэ хэмээн “Насан туршийн суралцахуйн төв”-өөс мэдээллээ.
Есөнбулаг сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 9в ангийнхан, 2025 оны “Шилдэг анги” Э.Гэрэлмандах багштай хамтран “Хорол” тоглоомыг танин мэдэж, сурсан мэдлэгээ үе тэнгийн найзууд, сургууль, гэр бүлийнхэндээ түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байна.
Мартагдсан уламжлалт тоглоомыг Есөнбулаг сумын өндөр настан Г.Цэрэндолгор хүүхдүүдэд заан таниулж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Сонирхуулахад, монголчуудын эртний уламжлалт тоглоом "Хорол" нь Манжийн дарлалын үе буюу Монгол түмний хэдэн зуун жилийн туршид бүтээж ирсэн соёлын гайхамшигт дархлаа харь гүрний улс төрийн бодлогоор суларч байсан он цагийн ороо бусгаа үетэй холбогддог.
Тэр үеийн монгол ноёд, эрхэм дээдсүүдийн дунд хятад гаралтай даалуу хэмээх тоглоомоор мөрийтэй тоглодог нэг төрлийн “моод” дэлгэрсэн байжээ. Үүнийг харсан монгол өвгөчүүдийн гярхай нүд, хурц ухаан нь үндэстнээ хамгаалах зорилгоор “Хорол” /зарим нутгийнхан зэндмэнь, чандмань, жил гэж янз бүрээр нэрлэдэг/ хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Хорол тоглоомын хамгийн гол санаа, бэлгэдэл нь хамтач ёсыг эрхэмлэн дээдэлж, бие биенээ хүндэтгэн харилцан эв найртай амьдрах ухааныг илэрхийлдэг. Мөн хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх, хэл ярианы баялгийг нэмэгдүүлэх зорилгоор “Арван хоёр жил” хэмээх харилцаа дууг дуулдаг байжээ.