“Зөвлөн туслах үйлчилгээ” явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 13:53:08

Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газрын мэргэжилтнүүд “Зөвлөн туслах үйлчилгээ”-г энэ оны есдүгээр сарын 15-аас эхлүүлж дөрвөн сургуулийн 107 багшийн хичээлд сууж  207 багшид зөвлөн  тусалжээ.

Энэ удаа Дархан сумын 12 жилийн есдүгээр сургуулийн “Суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, тэргүүн туршлагатай танилцаж зөвлөн туслах хэлэлцүүлэг хийлээ. Тус сургуулийн хамт олон БСШУЯ-аас орон даяар хэрэгжүүлж байгаа “Бага, суурь боловсролын цөм хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон ажлуудыг хийж байна. Тухайлбал “Шилдэг сургалтын хөтөлбөр” шалгаруулах уралдааныг багш нарын 17 багийн дунд явуулжээ. Долоо хоног бүрийн гурав дахь өдрийн хичээлийн нэгдүгээр цагийг “Ном унших цаг” болгосон. Мөн багш нар харилцан бие биенээсээ заах арга зүй, сургалтын хэрэглэгдэхүүн зэргээс туршлага солилцож  суралцахын тулд  бусад багш нарын хичээлд сард дөрвөн цагаас доошгүй сууж багш бүр хэлэлцүүлгийн дэвтэр, судлагдахууны баг бүр багш нарын хичээлд суусан тэмдэглэл нээж хөтөлдөг болж сургуулиас “Цагийн тооцооны хүснэгт”-ийг бий болгожээ. Энэ нь багшийн  ажлын үр дүнг бодитоор үнэлэхэд ач холбогдолтой төдийгүй санхүүгийн баримт болдог байна. Багш хэдий хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан ч эцэг эхийн оролцоо муу бол төдийлөн үр дүн гардаггүй. Тиймээс тус сургууль эцэг эх, олон нийтийн оролцоог хангаж ажиллахын тулд “Эцэг эхтэй хамтарч ажиллах цаг” гарган сурагчдын эцэг эхчүүдийг сургалтын явц зэрэг олон ажлыг танилцуулж хэлэлцлээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news